Sunday, December 24, 2006

Сагсан бөмбөгийн тэмцээн боллоо.

Япон дахь Монгол оюутны холбооноос зохион байгуулдаг "Сагсан бөмбөгийн тэмцээн" 2006 оны 12сарын 23-ны бямба гаригт Нэрима дүүргийн Хикаригаокоа 2-р дунд сургууль дээр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд японд суралцаж, ажиллаж амьдарч буй Монголчуудын нийт 9 баг тамирчид авхаалж самбаагаа сорилоо.Үүнээс Чиба их сургуулийн "Чиба-ТБ" баг тэмцээний аваргаар шалгарч "ЯМОХ" шилжэн явах цомын эзэд боллоо.2-р байранд Сайтама-кэнд ажиллаж, амьдарч буй залуусын "Сайтама" баг шалгарсан.

Мөн тэмцээний үеэр болсон "Холын зайн шидэлт"-ийн тэмцээнд нийт 40 хүн оролцсоноос Сайтама их сургуулийн Ч.Мөнх-Эрдэнэ тэргүүн байрыг эзэлж ,удаах хоёр , гурав дугаар байранд Комаба-2006 багийн Эрдэнэбат , Хитоцүбаши багийн Хишигбаяр нар тус тус орлоо.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа оюутан залуучуудаа төлөөлөн чин сэтгэлийн баяр хүргэж цаашдийн сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Энэ удаагийн "Сагсан бөмбөгийн тэмцээн"-д Японы мэргэжлийн сүмод хүч үзэж байгаа Монгол тамирчид хүрэлцэн ирсэн нь бидний баяр дээр баяр нэмлээ.Их аварга Д.Дагвадорж, озэки Хакүхо М.Даваажаргал , маэгашира Ама Д.Бямбадорж болон монгол сүмочидийн анхдагчдын нэг Кёкүтэнзан Энхбат тэргүүтэй арваад сүмочид хүрэлцэн ирсэн юм.

Сүмочид маань 1,2-р баг гаргаж тэмцээний аварга "Чиба-ТБ" болон 2-р байранд орсон "Сайтама" багуудтай нөхөрсөг тоглолт хийсэн нь хүрэлцэн ирсэн оюутан залуусыг маань баярлуулсан явдал болсон ба тэмцээний хаалтыг сонирхолтой болгож өглөө.

Мөн озэки Хакүхо М.Даваажаргал , маэгашира Ама Д.Бямбадорж нар тэмцээнд түрүүлсэн баг тамирчдын шагналыг гардуулж өгсөн нь тэдний зүгээс бидэнд үзүүлсэн хүндэтгэл байсан болов уу.

Эцэст нь "Сагсан бөмбөгийн тэмцээн"-ийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока 2-р дунд сургуулийн хамт олон болон "Хөх тэнгэр" нийгэмлэгийн Үчида Шиничи гуай нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Мөн тэмцээнийг зохион байгуулахад гар бие оролцсон оюутнууддаа нийт оюутнуудаа төлөөлөн талархал илэрхийлж сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Thursday, December 21, 2006

Шинэ жил хаана болох вэ?

Эрхэм оюутнууд аа, бид бүгдийн хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр маань ойртон ирж, гоёлын хувцсаа зэхэцгээж байгаа биз ээ.

Шинэ жил болох газар маань шийдэгдсэн тул та бүхэндээ мэдэгдье.

Болох газар: Токиогийн Их сургуулийн Митака Олон Улсын оюутны хотхон (東京大学三鷹国際学生宿舎).
Бусад мэдээллийг өмнөх бичлэгээс үзнэ үү.
Нээрээ сургуулиуд мэндчилгээ дэвшүүлэх боломжтой шүү.

Шинэ жилдээ яаж очих вэ?
Уг оюутны хотхонд очих олон арга бий. Дэлгэрэнгүйг энэ хаяг руу орж үзээрэй.
JR Chuo line, Keio Inokashira line, Tokyo Metro Tozai line-ийн Кичижожи (吉祥寺) өртөөнд буугаад, Марүй (丸井デパート、○I) их дэлгүүрийн өмнөх Одакюү (小田急バス) автобусны 3, 4-р буудлаас "Мүсашисакай минами гүчи буюу Оосава (武蔵境南口 or 大沢行き)", эсвэл "Чоофү эки кита гүчи (調布駅北口行き)" орох автобусанд сууж (210 иэн), Шинкава доори (新川通り) хэмээх буудалд бууна. Шинкава дооригоос цааш яаж явахыг доорх зургаас үзнэ үү. (Зураг дээр хулганаараа товшвол томорч харагдана)



4, 5-уулаа бол цахилгаан тэрэгний өртөөнөөс таксигаар оччихсон нь бараг хялбар байх.

За тэгээд, болзоот өдрөө учран золгож, шинэ жилээ хөгжилтэй угтацгаая, залуус аа!

Thursday, December 14, 2006

Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний зар

Тэмцээний зар
Хэзээ: 2006 оны 12 сарын 23 (Бямба)
Өглөө 9 цагт
Хаана: Токио хот Нэрима дүүрэг Хикаригаокагийн 2-р дунд сургууль
(
練馬区立光が丘第二中学校体育館)


Газрын зураг дээр хулганаараа товшвол томорч харагдана.

Тэмцээний хөтөлбөр

9:00 Бие халаалт

9:30 Багуудын бүртгэл дуусч, тэмцээний оноолтыг гаргана

10:00 Нээлт (төрийн дуулал)
10:10 Багуудын танилцуулга


10:30 Хэсгийн тоглолт
Ойролцоогоор 10-н баг орно гэж тооцоолъё. 2 хэсэгт хуваагаад тойргоор тоглуулна. Гэж тооцвол хамгийн хурдандаа 10 тоглолт х 13
(5 мин х 2 тал + 3 мин бие халаалт)мин = 2 цаг 10 мин.
Зааланд хоёр талд хэсгийн тоглолтууд зэрэг явагдах.

14:00 Чөлөөт цаг (Холын зайн шидэлтийн тэмцээн, Өдрийн цай)
15:30 Хагас шигшээ болон шигшээ тоглолт
Хэсгээс эхний 2 баг гарч, нийтдээ 4-н баг солбиж тоглоно. Нэг хэсгээс нэгээр гарсан багтай нөгөө хэсгийн 2-оор гарсан баг тоглох.

16:00 Аварга багтай нөхөрсөг тоглолт

17:00 Шагнал гардуулах

Тэмцээний зорилго:
Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байгаа гол зорилго нь үе тэнгийнхээ оюутан залуучуудтайгаа танилцаж,
хамтдаа цагаа үр бүтээлтэйгээр хөгжилдөн өнгөрүүлэхэд оршиж буй. Сагсан бөмбөгийн тэмцээнийг үзэж сонирхож
найзуудыгаа дэмжихээр ирж буй, болон өөрөө оролцож тоглохоор болсон залуусынхаа
хооронд нөхөрсөг харилцаа үүсгэж бие биеэ улам дотно таних.

Тэмцээний дүрэм
1. Багуудыг бүртгэж авах. Багууд мэдүүлгийн маягтанд багийн нэр болон багийн тоглогчдыг танилцуулж бичих үүрэгтэй.
Баг болон орох хангалттай тамирчингүй тоглогчид тухайн өдөр зохион байгуулагчдад хандаж багтаа тоглогч авах хүсэлтэйгээ
нийтэд зарлуулж болно.
Баг бүр (хэдэн тоглогчтойгоосоо үл хамааран ) бүртгүүлэхдээ ¥5000-ийг зохион байгуулагчдад хураалгаж тэмцээнд оролцох эрхээ авах.
Энэхүү хураамж нь тэмцээний шагналын сан болно. Бүртгэл 9.30 хүртэл явагдана.

2.
10:00 цагаас тэмцээнийг нээж эхний тоглолтууд явагдаж эхлэх.
Тэмцээний нээлтийн ажиллагаа нь нийт баг тамирчид талбай дээр жагсаж, Монгол улсын төрийн дуулал
эгшиглэснээр албан ёсоор эхэлнэ. Түүний дараагаар багуудын танилцуулгыг багийн ахлагч хийнэ.


3. Багуудыг сугалаагаар 2- хэсэгт хуваана. Хэсэг бүрт, багууд хоорондоо тойргоор тоглоно.
Хожлын онооны эрэмбээр нь хэсэг бүрээс 2 баг, нийтдээ 4 баг хагас шигшээ тоглолтонд оролцох эрхтэй болно.

4. Хагас шигшээ тоглолт хасагдах журмаар явагдана. Гэхдээ хагас шигшээд нэг хэсгийн 2 баг хоорондоо таарч тоглохгүй байх.

5. Хэсгээс дараах байдлаар багуудыг шалгаруулан хагас шигшээ тоглолтонд оролцуулах

  • Багуудын хожлын тоог үндэслэн нэг хэсгээс 2 баг
  • 2 багийн хожлын тоо тэнцсэн тохиолдолд аль нь хожсон болохыг харгалзан, хожсон баг нь цаашид тоглох
  • 2 буюу түүнээс дээш багийн оноо тэнцсэн тохиолдолд оноо тоолно.

Жич:Энэ нь нэг хэсэгт хэдэн баг орсноос хамааран өөрчлөгдөх боломжтой.

6. Хагас шигшээгээс шалгарсан 2 баг шигшээ тоглолтод оролцоно.
Шигшээ тоглолтонд хожсон баг 2006 оны сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорно.

7. Тоглолтын цаг
Тоглолт бүр талдаа 5 мин-аар 2 үе тоглоно. Бие халаалтыг өмнөх багуудийн тоглолт дууссанаас хойш 3 минутын дотор хийх.
Time out болон торгуулийн шидэлтийн үед л зөвхөн цагийг зогсооно.

Жич:Хэсгийн тоглолтын үед торгуулийн шидэлт хийлгэхгүй болно.Алдаа гарсан үед эсрэг багт бөмбөгийг шилжүүлж тоглолтыг цааш үргэлжлүүлнэ.

8. Тэмцээний шүүгч
Баг бүрээс тэмцээний шүүгч нэг хүнийг сонгон гаргах. Шүүгч өөрийн багийн тоглолтыг шүүхгүй.
Нэг тоглолтыг 2 шүүгчтэйгээр явуулна. Тоглолт зөвхөн шүүгчийн шийдвэрээс хамаарах тул
ХАРИУЦЛАГАТАЙ, МЭДЛЭГТЭЙ хүнээ шүүгчээр томилно уу .
Шүүгчийн хөдөлмөрийг үнэлж хамгийн САЙН, ШУДАРГА, ҮНЭН ЗӨВ шүүсэн 1 шүүгчийг “Шилдэг шүүгч”-ээр шалгаруулна .

9. Шилдэг шүүгч шалгаруулах
Шүүгчийн хөдөлмөрийг үнэлэх үүднээс зөвхөн багуудын саналыг үндэслэн “Шилдэг шүүгч”-г (1 хүн) шалгаруулна.
Багуудад тараан өгсөн санал асуулгын хуудсанд “Шилдэг шүүгч” 1 хүнийг сонгон нэрийг нь бичнэ үү .

10. Шагнал.
Тэмцээнээс тэргүүн байр 1,
Хоёрдугаар байр тус тус нэгийг шалгаруулна.

Тэргүүн байрыг "Шилжин явах цом", баярын бичиг, шагналын сангийн 3/6 мөнгөн шагналаар шагнана.
Хоёрдугаар байрыг баярын бичиг, шагналын сангийн 2/6 мөнгөн шагналаар шагнана.
Шилдэг шүүгчийг баярын бичиг, шагналын сангийн 1/6 мөнгөн шагналаар шагнана.


Жич: Бүх баярын бичгийг хэвлэх зардлыг тухайн шагналын сангаас гаргах.

Холын зайн шидэлтийн тэмцээн

Хэсгийн тоглолтын дараа, тэмцээнийг хөгжилтэй, сонирхолтой болгох үүднээс холын зайн шидэлтийн тэмцээнийг зохионо.

Эрэгтэй эмэгтэй хүйс харгалзалгүй, тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээс оролцох эрхтэй болно. Оролцогчдын тоонд хязгаар тавихгүй.

Оролцогч болгон уг тэмцээний шагналын фонд болгож ¥500-г зохион байгуулагчдад хураалгана.

Түрүүлсэн 1 хүнд баярын бичиг, мөнгөн шагнал өгөх.

Холын зайн шидэлтийн тэмцээн дүрэм:

1.Эхний үед, оролцогч бүр тогтоосон 1 байрлалаас 2 удаа, (нийт 5 байрлал) нийтдээ 10 удаа шидэлт хийнэ.

2.Оролцогч бүр нийт шидэлтийг 1.00 минутад багтааж шидэх. Хугацаандаа амжаагүй шидэлтийг хүчингүйд тооцох.

2.Нэг оролтыг нэг оноо гэж тооцно.

3.Нийт оролцогчдоос онооны эрэмбээр эхний 3 хүн, холын зайн шидэлтийн шувтаргын тоглолтонд оролцох эрхтэй болно.

4.Шувтаргын тоглолтонд оролцогч 3 хүн, дахин 10 удаа шидэлт гүйцэтгэж хамгийн их оноотой нь уг тэмцээний аваргаар шалгарна.

5.Шаардлагатай бол оноо тэнцсэн тоглогчид нэмэлт 3 шидэлт хийж, хайнаагаа салгана.

Анхааруулга:

  1. Японы хуулиар дунд сургууль дээр архи, тамхи хэрэглэх нь хориотой тул, тамхийг зөвхөн тусгай заагдсан газар татах,
  2. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.

2.Тэмцээний зааланд гадуур өмсдөг гуталтай орохгүй байх. Боломжтой бол гэрээсээ дулаан улавчаа бариад ирж ч болно.

3.Тэмцээнд оролцогчид эхлэх цагаас хоцрохгүй байх хэрэгтэй.

4.Тэмцээн эхэлсэнээс хойш талбай дээр эсрэг баг, хөгжөөн дэмжигчдээ хүндэтгэн аль болох хоцрохгүй байх

5.Хоцорсон тохиолдолд 3 минутаас илүү хүлээхгүй бөгөөд эсрэг багт хожлыг өгөх.

Мэдүүлэг
Дээрхийг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр, зөвшөөрч байвал доорхи хаяг, утсаар багийн урьдчилсан мэдүүлгээ өгнө үү.
Утас: 080-5335-1028

и-мэйл: mongoltug at gmail dot com
Хүндэтгэсэн Тэмцээнийг зохион байгуулах хороо
Япон дахь Монгол Оюутны Холбоо

Monday, December 11, 2006

Оюутны шинэ жил


2006 оноо үдэж, 2007 онтойгоо золгох мөч хаяанд ирлээ. Шинэ жил ойртон хаа сайгүй гацуур модод чимэглэлээ зүүж, хүн болгоны сэтгэл гэгэлзэн баярын хувцсаа сэм сэмхэн бэлдэж байгаа нь ойлгомжтой биз.
Эх орноосоо хол байгаа бид нэгэн үдшийг нутаг нэгт оюутан залуустайгаа, өвлийн өвгөнтэйгээ хамтдаа өнгөрөөж, найзын хүрээгээ тэлж, шинэ оноо эрч хүч дүүрэн угтан авах боломжийг олгох Оюутны шинэ жилд оюутан та бүхнийг урьж байна.
Орчлон ертөнцийн эргэлтээр
Он оны зааг дээр
Учралт анд нөхөд та нартайгаа
Уулзан золгохын ерөөл тавья

Зохион байгуулах болсон зорилго:
1. Оюутнуудыг хооронд нь танилцуулах
2. ЯМОХ-ын үйл ажиллагааг танилцуулах, гишүүн элсүүлэх

Оролцох хүсэлтэй хүмүүс 12.16-ны дотор gereru at gmail dot com хаягаар холбоо барьж бүртгүүлнэ үү.

Хэзээ : 12.27-ны өдөр
Хэдэн цагаас: 17.00-21.00
Хаана: 3 газар хэлэлцэгдэж байгаа бөгөөд одоохондоо тодорхойгүй байгаа. Эцэслэн тогтохоор нь дахин мэдэгдэх болно.
Тах: 3000 эн. 16-ний дотор бүртгүүлсэн тохиолдолд 10%-ийн хөнгөлөлттэй.
Зохион байгуулах комисс-оос
тавих шаардлага: Оролцогч бүр ёслолын хувцастай оролцох

ps :Байршил болон баярын хөтөлбөрийг тодорхой болсон үед дахин мэдээлэх болно.

Шинэ жил зохион байгуулах комисс
Япон дахь Монгол оюутны холбоо