Friday, January 09, 2009

"Урам" уулзалт

2009 оны 1 сарын 11

Энэ долоо хоногийн ням гаригт дахин Урам уулзалт болохоор боллоо . Энэ удаагийн уулзалтыг Японд суралцаж төгсөөд цаашид ажиллах сонирхолтой оюутан залуустаа зориулаад, "Ажил хайх" (就職活動) гэсэн сэдвийн дор нээж байна.

Японд ажилд орохын тулд хувь хүнээс бас нэлээд хүч хөдөлмөр, авъяас шаарддаг болно. Хувийн хэрэг материалаа бүрдүүлэхээс авахуулаад ажиллах эрхээ авах хүртэл нэлээд олон шат дамжлага, шалгуурыг давж гарах ёстой болдог. Яг л энэ бүх шат дамжлагыг нь даваад одоо Японд ажиллаж буй 4-н сэнпай маань ирж, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, ажил хайхад юуг анхаарах болон, юу хийх хэрэгтэй болдог талаар бодит зөвлөгөөг бидэнд өгөхөөр болоод байна.

Эдийн засгийн хямралаас болоод шинээр орох гэж буй ажилчдын гэрээ цуцлагдах, эсвэл хуучин гэрээний ажилчдаа халах, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах явдал сүүлийн үед ихсэж байгаа болохоор өмнө нь ажлаа амжилттай олоод, гялалзаж байгаа дээд үеийнхнээсээ зөвлөгөө авна гэдэг бол бидэнд том боломж билээ.
Дараах хүмүүс ирж яриа хийнэ:
1. Ариунзаяа (Nikko Citigroup Limited)
2. Баяраа (ドイツ銀行グループ: ドイツ証券株式会社)
3. Мандухай (CMR研究所: Architecture office)
4. Ариунаа (ダイキン工業株式会社)

Цаашид Японд ажиллах сонирхолтой оюутан та бүхэнд маш хэрэгтэй, өгөөжтэй яриа болно гэж найдаж байна. Та бүхэн өргөнөөр оролцоорой !

Хэзээ: 2009 оны 1 сарын 11, ням гариг 12:00 -16:00 цаг
Хаана: 一橋大学 西キャンパス 講義室301号

Хитоцүбаши Их сургууль Баруун кампус

301 тоот Хичээлийн танхим

Зохион байгуулагч: ЯМОХ (www.yamoh.org)
Утас: 080-3437-4075
Цахим шуудан: eboldbayar@gmail.com

Thursday, January 01, 2009

Шинэ жилийн мэнд хүргэе

Happy new year

Шинэ он гарлаа
Шинэ жил ирлээ
Ай хөө шинэ жил минь
Амархан сайн байна уу?



гээд л юу юугүй он солигдож 2008 он тэртээ ард хоцорч хэдийн өнгөрсөн жил болж орхилоо. 2009 он маань бидний урдаа барьсан зорилгын биелэх эхлэл болж сайхан цэлмэг өдрөөр эхэлж байна.
Сэтгэл сэргээд бүхнийг хийж амжуулах хүсэл зориг хэн бүхэнд минь төрөө байхаа.
Наран ургах зүгийн Япон оронд суралцаж буй залуус бид эх нутагтаа байгаа элгэн садан, эх дэлхийгээр тарж суугаа элэг нэгт Монгол түмнээсээ арай түрүүлж энэ жилийн эхний наран мандахыг харсан байхаа.

Ингээд Японд суралцаж буй нийт оюутнууд найз нөхөддөө шинэ жилийн мэнд хүргэе.
Та нар маань ингэхэд гэр бүл, ах дүү хамаатан садандаа шинэ оны мэнд дэвшүүлэхээ мартаагүй байхаа гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаа Япон дахь Монгол Оюутны Холбооны хувьд ч нийт гишүүд, оюутан залуусынхаа хүчээр хийх бүтээх гэсэн ажлуудаа ихэнхийг нь амжуулсан сайхан жил байлаа.
Урьд өмнө хийж ирсэн Хаврын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, Сагсан бөмбөгийн тэмцээнээ өргөжүүлэн "СПОРТ Наадам" болгон амжилттай зохион байгуулсан бөгөөд, нэгэн жилээ үдэж, шинэ оноо угтахаар "Оюутан шинэ жил-2009"-ыг зохион байгуулж, оюутан залуус маань нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн сайхан арга хэмжээ болсон.

Үүнээс гадна эрдэм мэдлэгийн "Урам" уулзалт, шинэ оюутнуудаа тосож авах "Угталт" уулзалт болон оюутнууд ирээдүйд Монгол орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа болон юу хийвэл зохих талаарх санал асуулга гэх мэт олон арга хэмжээг зохиож, өнгөрсөн нэг жилийг ардаа үдлээ.
Ирэх жил маань Оюутны Холбооны хувьд ч, нийт оюутан залууст маань ч ээлтэй сайхан жил болоосой гэж хүсээд та бүхэндээ
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД дэвшүүлье.