Thursday, November 29, 2007

Морин хуурын сургалтын тайлан

Өмнө нь зарлаж байсанчлан 11-р сарын 22-ны өдөр ЯМОХ-оос зохион байгуулсан Морин хуурын үнэгүй сургалт маань амжилттай болж өнгөрлөө.
Монгол, Япон нийт 16 хүн хамрагдсан энэ сургалтанд маань Монгол Улсын Морин хуурын чуулгаас А.Дэлгэрмаа, Д.Шинэцог, Г.Бөхчулуун, Л.Мөнхжаргал нарын дөрвөн морин хуурч
хүрэлцэн ирж багшилсан билээ.
Сурагчид маань төрөл бүрийн нас болон мэргэжилтэй хүмүүс байсан ч бүгд морин хуурны талаар анхны мэдэгдэхүүнтэй болоод буцсан гэж найдаж байна. Сургалтын үеэр мөн Монгол дээл өмсүүлж, зураг авахуулах булан ажиллуулсан нь сурагчдын маань сэтгэлд нийцсэн бололтой, тийм ч амархан дээлээ тайлж өгөхгүй байсныг нуух юун. Сургалтын дараа сурагчдаасаа сэтгэгдлийг нь асуувал, “Маш хөгжилтэй байлаа”, “ Мөнгө төлөөд ч гэсэн сургалтанд хамрагдмаар байна”, “Монгол явж үзэх юм сан” гэцгээж байсан юм.

Цаашдаа ч ЯМОХ-оос энэ төрлийн сургалтыг тогтмол явуулах төлөвлөгөөтэй байгаа тул энэ удаа оролцож чадаагүй хүн бүр дараагийн сургалтанд заавал ирэхийг урьж байна!!
Эцэст нь энэ удаагийн сургалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Морин хуурын чуулгын хамт олон болон WORD TRADERS (
www.wordtraders.co.jp ) компанийн хамт олон, тусалсан нийт оюутнууддаа талархсанаа илэрхийлье.

Tuesday, November 27, 2007

ЯМОХ -ны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Сагсны тэмцээн
Эрхэм хүндэт оюутан залуус, найз нөхдөө...!
Улиран өнгөрөх 2007 оны алжаалаа тайлах, шинэ оны эрч хүчээ олж авах та бидний нөхөрлөл, эв хамтын бэлэгдэл "ЯМОХ-Сагсан бөмбөгийн шилжин явах цомын тэмцээн" удахгүй болох гэж байна. Тэмцээн 2007 оны 12 сарын 23-ны өглөө 9 цагаас эхэлнэ.
Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг өнгөрч, нэгэн жлийг тойроход бид дахин уулзах болжээ. Та бүхэнтэйгээ уулзах тэр ерөөлт өдрийг тэсэн ядан хүлээж байна.


Тэмцээний зар

Хэзээ: 2007оны 12 сарын 23 (Ням)
Өглөө 9 цагт (Заал өглөө 8цаг 30 минутанд онгойно)
Хаана: Токио хот Нэрима дүүрэг Хикаригаока 2-р дунд сургууль
(
練馬区立光が丘第二中学校体育館)

Үүнээс өмнө гурван ч удаа зохион байгуулагдаж байсан бидний мэдэх газар.


Зургийг томруулж харахын тулд дээр нь хулганаараа товших .

Тэмцээний хөтөлбөр


9:00 Бие халаалт

9:30 Багуудын бүртгэл дуусч, тэмцээний оноолтыг гаргана

10:00 Нээлт (төрийн дуулал)

10.05 2006 оны тэмцээний аварга багаас Цомоо хүлээн авах

10:10 Багуудын танилцуулга

10:30 Хэсгийн тоглолт

14:00 Хосын шидэлт болон Үдийн завсарлага


15:00
Хагас шигшээ болон шигшээ тоглолт

16:00 Аварга багтай нөхөрсөг тоглолт

17:00 Шагнал гардуулах


Жич: Зохион байгуулалтын явцаас хөтөлбөр өөрчлөгдөх явдал байж магад.


Тэмцээний зорилго:
Спорт гэдэг бол агуу зүйл бөгөөд түүнд хүмүүсийг хооронд нь нэгдэн нийлүүлэх, өөрийн дүрмийнхээ дагуу харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох чадвар байдаг.

Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байгаа гол зорилго нь үе тэнгийнхээ оюутан залуучуудтайгаа танилцаж,
хамтдаа цагаа үр бүтээлтэйгээр хөгжилдөн өнгөрүүлэхэд оршиж буй. Сагсан бөмбөгийн тэмцээнийг үзэж сонирхож
найзуудыгаа дэмжихээр ирж буй, болон өөрөө оролцож тоглохоор болсон залуусынхаа
хооронд нөхөрсөг харилцаа үүсгэж бие биеэ улам дотно таних. Цаашид олон арга хэмжээг хамтран зохион байгуулах, хэн нэгэнд тус болохуйц зүйлийг хийж чаддаг болохын тулд бие биенээ танин мэдэхүйн гол зорилгыг агуулж буй болно.

Тэмцээний дүрэм

1. Багуудыг бүртгэж авах. Багууд мэдүүлгийн маягтанд багийн нэр болон багийн тоглогчдыг танилцуулж бичих үүрэгтэй.
Баг болон орох хангалттай тамирчингүй тоглогчид тухайн өдөр зохион байгуулагчдад хандаж багтаа тоглогч авах хүсэлтэйгээ
нийтэд зарлуулж болно. Гэхдээ бүртгэл дууссан тохиолдолд бүртгэж авах боломжгүй юм.

Тэмцээнд эмэгтэй 4-өөс олонгүй, эрэгтэй 12-аас олонгүй багийг бүртгэж авна. Эрэгтэй багууд гурав гурваараа сугалаагаар дөрвөн хэсэгт хуваагдан тойргоор тоглоно.

Зааланд хоёр талд хэсгийн тоглолтууд зэрэг явагдах.

Эрэгтэй, эмэгтэй багуудын тоглолт ээлжлэн явагдах.

2.Баг бүр (хэдэн тоглогчтойгоосоо үл хамааран ) бүртгүүлэхдээ ¥5000-ийг зохион байгуулагчдад хураалгаж тэмцээнд оролцох эрхээ авах.
Энэхүү хураамж нь тэмцээний шагналын сан болно. Бүртгэл 9.30 хүртэл явагдана.

3.
10:00 цагаас тэмцээнийг нээж эхний тоглолтууд явагдаж эхлэх.
Тэмцээний нээлтийн ажиллагаа нь нийт баг тамирчид талбай дээр жагсаж, Монгол улсын төрийн дуулал
эгшиглэснээр албан ёсоор эхэлнэ.

Тоглолтын турш шүүгчид тоглолтыг удирдах бөгөөд, тэднийг хүндэтгэж харьцах.

Ямар нэгэн зүй бус харьцаа гаргавал баг, тамирчдыг тоглолтоос хасах хүртэлх арга хэмжээг авна.

4. Багуудыг сугалаагаар 4- хэсэгт хуваана. Хэсэг бүрт, багууд хоорондоо тойргоор тоглоно.
Хожлын онооны эрэмбээр нь хэсэг бүрээс 1 баг, нийтдээ 4 хэсгээс нэгээр гарах 4 баг хагас шигшээ тоглолтонд оролцох эрхтэй болно.

5. Хагас шигшээ тоглолт хасагдах журмаар явагдана. Хагас шигшээд багуудын оноолтыг сугалаагаар шийднэ.

Эмэгтэй багууд цөөхөн тул тойргоор тоглож аварга багаа тодруулах.

6. Хэсгээс дараах байдлаар багуудыг шалгаруулан хагас шигшээ тоглолтонд оролцуулах

  • Багуудын хожлын тоог үндэслэн нэг хэсгээс баг
  • 2 багийн хожлын тоо тэнцсэн тохиолдолд аль нь хожсон болохыг харгалзан, хожсон баг нь цаашид тоглох
  • 2 буюу түүнээс дээш багийн оноо тэнцсэн тохиолдолд оноо тоолно.

Жич:Энэ нь нэг хэсэгт хэдэн баг орсноос хамааран өөрчлөгдөх боломжтой.

7. Хагас шигшээгээс шалгарсан 2 баг шигшээ тоглолтод оролцоно.
Шигшээ тоглолтонд хожсон баг 2007оны сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорно.

8. Тоглолтын хугацаа
Эрэгтэй багийн тоглолт бүр талдаа 6 минутаар 2 үе тоглоно. Бие халаалтыг өмнөх багуудийн тоглолт дууссанаас хойш 4 минутын дотор хийх. Эмэгтэй багууд талдаа 5 минутаар хоёр үе тоглоно.
Time out болон торгуулийн шидэлтийн үед л зөвхөн цагийг зогсооно.

Жич:Хэсгийн тоглолтын үед багийн алдааг тоолж тав болсон тохиолдолд торгуулийн шидэлтийг эсрэг багаар нь хийлгэх.

Тоглогч гэмтэж бэртсэн үеийн аргагүй тохиолдолд шүүгчийн зөвшөөрлөөр тоглолтын цагийг зогсоож болно.

9. Тэмцээний шүүгч
Баг бүрээс тэмцээний шүүгч нэг хүнийг сонгон гаргах. Шүүгч өөрийн багийн тоглолтыг шүүхгүй.
Нэг тоглолтыг 2 шүүгчтэйгээр явуулна. Тоглолт зөвхөн шүүгчийн шийдвэрээс хамаарах тул
ХАРИУЦЛАГАТАЙ, МЭДЛЭГТЭЙ хүнээ шүүгчээр томилно уу .

10. Шагнал.
Тэмцээнээс тэргүүн байр ,
хоёрдугаар байр,
шилдэг тоглогч тус тус нэгийг шалгаруулна.

Тэргүүн байрыг "Шилжин явах цом", баярын бичиг, шагналын сангийн 3/6 мөнгөн шагналаар шагнана.
Хоёрдугаар байрыг баярын бичиг, шагналын сангийн 2/6 мөнгөн шагналаар шагнана.
Шилдэг тоглогч баярын бичиг, шагналын сангийн 1/6 мөнгөн шагналаар шагнана.


Жич: Бүх баярын бичгийг хэвлэх зардлыг тухайн шагналын сангаас гаргах.

Хос шидэлтийн тэмцээн

Хэсгийн тоглолтын дараа, тэмцээнийг хөгжилтэй, сонирхолтой болгох үүднээс Хос шидэлтийн тэмцээнийг зохионо.

Эрэгтэй эмэгтэй тус бүр нэг хүнээс бүрдэх багууд оролцоно. Тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээс хэн ч оролцох эрхтэй. Нийт 12 хүртлэх хосыг бүртгэнэ.

Оролцогч бүр уг тэмцээний шагналын фонд болгож ¥500-г зохион байгуулагчдад хураалгана. Эрэгтэй, эмэгтэй хүн тус бүр хураалгана.

Түрүүлсэн хосод баярын бичиг, мөнгөн шагнал өгөх. Баярын бичгийг хэвлэх зардлыг тухайн шагналын сангаас гаргах.

Хос шидэлтийн тэмцээн дүрэм:

1.Эхний үед, эрэгтэй оролцогч бүр гурван онооны зураасны гадна талаас, дуртай газраасаа шиднэ. Харин эмэгтэй оролцогчид гурван секундын талбайн гадна талд, дуртай байрлалаасаа шидэх.

2. Хосуудын оролцогч бүр 6 шидэлтийг нэг нэгээрээ ээлжлэн шидэх замаар 1.00 минутын хугацаанд гүйцэтгэх. Хугацаандаа амжаагүй шидэлтийг хүчингүйд тооцох.

3.Нэг оролтыг нэг оноо гэж тооцно.

4.Нийт оролцогч хосуудын онооны нийлбэр эрэмбээр эхний 4 хос, хос шидэлтийн тэмцээний шувтаргын тоглолтонд оролцох эрхтэй болно.

5.Шувтаргын тоглолтонд оролцогч 4 хосын 8 оролцогч, дахин 6 удаа шидэлт гүйцэтгэж хамгийн их оноотой нь уг тэмцээний аваргаар шалгарна.

Шидэлтийг эхний үетэй адил дүрмээр гүйцэтгэнэ.

6.Шаардлагатай бол оноо тэнцсэн тоглогчид нэмэлт 3 шидэлт хийж, хайнаагаа салгана.

Анхааруулга:

  1. Японы хуулиар дунд сургууль дээр архи, тамхи хэрэглэх нь хориотой тул, тамхийг зөвхөн тусгай заагдсан газар татах,
  2. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.

3.Тэмцээний зааланд гадуур өмсдөг гуталтай орохгүй байх. Боломжтой бол гэрээсээ дулаан улавчаа бариад ирж ч болно.

4.Тэмцээнд оролцогчид эхлэх цагаас хоцрохгүй байх хэрэгтэй.Хоцорсон багийг тэмцээнээс хасах болно.

5.Тэмцээн эхэлсэнээс хойш талбай дээр эсрэг баг, хөгжөөн дэмжигчдээ хүндэтгэн аль болох хоцрохгүй байх

6.Хоцорсон тохиолдолд 3 минутаас илүү хүлээхгүй бөгөөд эсрэг багт хожлыг өгөх.

Мэдүүлэг
Дээрхийг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр, зөвшөөрч байвал доорхи хаягаар багийн урьдчилсан мэдүүлгээ өгнө үү.

Бүртгэж авах багийн тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлэх.

и-мэйл: mongoltug at gmail dot com

Хүндэтгэсэн Тэмцээнийг зохион байгуулах хороо
Япон дахь Монгол Оюутны Холбоо

Saturday, November 24, 2007

АН-ын дарга Ц.Элбэгдоржийн Япон дахь Монголчуудтай хийх уулзалтын зар


Монголын АН-ын дарга Ц.Элбэгдорж болон хэсэг УИХ-ын гишүүд Япон улсын Гадаад хэргийн яамны урилгаар тус улсад айлчлах үеэрээ Тоокёогийн Гадаад Хэл Соёлын Дээд сургуульд лекц уншиж, монгол иргэдтэй уулзахаар болсон тул та бүхэн өргөнөөр ирж оролцоно уу.

1. Айлчлалын хугацаа: 2007 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 3.
2. Бүрэлдэхүүн: АН-ын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд, С.Баярцогт, Л.Гантөмөр нар.
3. Лекц-уулзалтын огноо: 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр (Баасан)
4. Газар: Тоокёогийн Гадаад Хэл Соёлын Дээд сургууль, Asia-Africa Kenkyu Center
5. Хугацаа: Лекц (13:30-15:00) Сэдэв: "Монголын шилжилтийн үе болон түүний сургамж"
Уулзалт (15:00-16:00) Япон улсад сурч, ажиллаж буй монгол иргэдтэй хийх санал асуултын уулзалт

6. Уг линкээр болох газрын хаягийг авах боломжтой.
http://www.tufs.ac.jp/info/map-and-contact.html
JR中央線(ちゅうおうせん)の武蔵境(むさしさかい)駅で
西武多摩川線(せいぶたまがわせん)に乗り換えて2つ目,
多磨(たま)駅で下車,徒歩5-6分
東京外国語大学、AA研304マルチメディア会議室


7. Уулзалтын хугацаа 1 цаг тул , уулзалтыг илүү үр дүнтэй цэгцтэй явуулах, ирэхийг хүсч буй боловч ирж амжихгүй хүмүүсийн асуултанд хариу авах гэсэн үүднээс асуух асуултыг урьдчилан e-mail -р хүлээн авч байгаа тул өөрийн хүссэн асуулт, нэр зэргийг доорх хаяг уруу илгээнэ үү.
           te_paradise@yahoo.com

Энэхүү зарлал нь аливаа улс төрийн намыг дэмжих
зорилготой бус Японы гадаад хэргийн яам болон
Монгол улсын элчин сайдын яамны хүсэлтийн
дагуу хүргэж байна.


Wednesday, November 14, 2007

Морин хуурын сургалтын талаарх зарлал


Монголын үндэсний морин хуурын чуулга нь аялан тоглолт хийхийнхээ хажуугаар ЯМОХ тай хамтран нэг өдрийн морин хуурын сургалт зохион байгуулж байгаа юм. Оролцох хүсэлтэй хүмүүс доорх мэдээллийг сайтар уншина уу.

Болох газар:国立オリンピック記念青少年総合センター カルチャー棟
http://nyc.niye.go.jp/facilities/d7.html

уг линкээр болох газрийн талаар мэдээлэл авах боломжтой

Эхлэх цаг болон танхим : 11 сарын 22 ний пүрэв гаригт
①бүлэг 13:00~14:10
②бүлэг 14:20~16:40 гэсэн цагийн хуваариар зохион байгуулагдах болно.
Танхим カー音42

Оролцох зардал : үнэ төлбөргүй

Бүртгэл : 11 сарын 20 ний мягмар гариг хүртэл өөрийн нэр , утасны дугаар , майл хаяг болон оролцохыг хүсч буй цаг зэргээ
morinkhuur_workshop@yahoo.co.jp
хаяг уруу илгээх эсвэл шууд утсаар холбоо барих боломжтой.

Холбоо барих утас: (оройн 6 цагаас хойш)
080-5349-2949 Болдмаа
090-9146-4899 Тугаа

Хүний тоо: бүлэг тус бүр 12 хүн. Бүртгүүлсэн байх шаардлагатай.

Зохион байгуулагч : ЯМОХ

Мөн морин хуурын чуулгын тоглолт болох хугацаа ойртож байна. Та бүхэн Монголын морин хуурын чуулгаа дэмжиж, тоглолтын тасалбараа худалдан авна уу гэж уриалж байна.