Friday, September 28, 2007

Хог- Байгаль орчин

Ийм нэгэн сэдэвт ажлыг зуны амралтаараа оюутнууд маань Монголд зохион байгууллаа. Энэ нь Японд суралцагч оюутнуудын хувьд гурав дахь жилдээ хийж байгаа арга хэмжээ боловч Оюутны Холбооноос зохион байгуулсан анхны арга хэмжээ байлаа. Үүгээр ЯМОХ нь Японд Монгол эх орноо сурталчлах, оюутан залуусаа нэгтгэн танилуулах үйл ажиллагаа зохиохоос гадна Монголд байгаа найз нөхөд, дүү нартаа хандсан мэдээлэл, тэдэнтэйгээ хамтран ажиллах гараа, сургалт явуулах эх үндэс тавигдаж байна.
2007 оны зун амралтаараа Монголд очсон бидний хэсэг оюутан Монголынхоо байгаль орчинд санаа тавьж, түүнийгээ яаж цэвэр байлгаж хүн ардын эрүүл мэнд, сэтгэл тайван амьдрахад нэсэр болох зүйл хийе гэсэн санаагаар "Хог- Байгаль орчин" гэдэг сургалт зохиохоор шийдсэн. Гэхдээ энэ үеэр маань сургууль, цэцэрлэг амарч байдаг учраас арай олон хүүхэд багачууд, найзуудыг маань цуглуулж чадсан байдаг болохоор нь хүүхдийн амралтын төвтэй хамтрах нь зөв гээд Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төм дээр үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.
Зохион байгуулсан ажил маань үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.
1. Хотын эргэн тойрон болон, Улаанбаатар хотын төвлөрсөн хогын цэгүүдээр очиж, байдалтай танилцах. Үүндээ тохижилт үйлчилгээний газруудыг бас хамруулав.
2. Хүүхдэд ойлгомжтой байлгахаар бодож судалж, үзэж харсан зүйлүүдээ нэгтгэн түүгээрээ слайд бэлдэх. Үүндээ өндөр хөгжилтэй орнууд хогноосоо хэрхэн яаж салж байсан жишээг авч үзэн, Монголд үүнийг яаж шийдэх талаар өөрсдийн санаагаа тусгав.
3. Найрамдал зусланд очиж дүү нар, найз нөхөддөө энэ талаар яриагаа хийв. Энэ үеэрээ бас "Хог" гэсэн сэдвээсээ гадна "Японд хэрхэн суралцах вэ?", "Япон дуу суръя" мөн "Мод тарьсан хүн" гэдэг киног үзүүлэх зэргээр байгаль орчин нийгмийн талын олон талт арга хэмжээг олголоо. Дээр нь Найрамдал зуслан дээр "Цэвэрч бүлэг" шалгаруулж ЯМОХ-ын нэрэмжит өргөмжлөл гардууллаа.
4. Японд суралцагч оюутнуудаараа олон нийтийн телевизтэй хамтран хотын доторх хогийг цэвэрлэхэд гар бие оролцлоо.
Нэлээд удаан бэлдэж зохион байгуулсан уг үйл ажиллаагаанд маань нийт хорь гаруй оюутан өөрийн амралтын хугацаанаасаа хумслан байж идэвхтэй оролцсон болохоор тэдэндээ баярлахгүй байхын аргагүй.
Энэ бүх ажил маань хүн амын олонхыг хамарч чадаагүй байх. Гэхдээ нийт зуун дал гаруй хүүхэд, залуус хамрагдсан болохоор тэднээр дамжуулаад нийгэмд ямар нэгэн хэмжээгээр өдөөх хүчин зүйл болж, үүнээс санаа аван залуус, дүү нар маань бие биедээ шаардлага тавьж хог хаяхгүй болж заншвал эргээд нийгэмд тустай, нийтийн эрүүл мэндэд ашигтай үйлдэл болох байх. Энэ бидний гол зорилго байлаа. Үүнээс хойш ч байгаль орчиноос гадна хүмүүжил, сургалт, эрүүл ахуй гэх мэт сэдвүүдээр Оюутны Холбоо маань Монголдоо үйл ажиллаагаа явуулж байх болно.

1 comment:

Anonymous said...

Baharhamaar ajil zohiojee.Tsaashdiin uil ajillagaag chin demjij baigaa shu.