Thursday, October 11, 2007

Монголд хийсэн Эко- tour

Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлсэн ЯМОХ-ны залуусаас хоёр нь Японы төрийн бус байгууллага болох Жи Эн Си-тай хамтран тэдний зохиосон Эко аялалд оролцлоо. Аялал нь 9 сарын 8нд ЖиЭнСи(GNC- http://kyouzon-gnc.com/)-ийн удирдлагууд болох Мяаки Иппэй, Яно Акико гуай нар Монголд очсоноор эхэлсэн. Аялал нийтдээ долоон хоног үргэлжилсэн ба ЖиЭнСи-ийн Монгол дахь салбарынхан болон Японд сурдаг бидний төлөөлөл оролцсон үндсэн бүрэлдэхүүнтэй байлаа. ЖиЭнСи нь Монголд мод тарьж экологийн талаар монголын хүүхэд залуучуудад боловсрол олгох зорилготой сайн дурын байгууллага юм. Энэ удаагийн аялалд ЯМОХ нь өөрсдийн хамтран ажилладаг энэ байгууллагын Монгол дахь үйл ажиллагаатай нь танилцах, цаашид олон талт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилгоор оролцсон билээ. Ингээд 9 сарын 9-нд тус байгууллагын Монгол дахь албан тасалгаанд нь цуглаж аялалынхаа хөтөлбөртэй танилцаад, тэндээсээ ЖиЭнСи-Монголын Төв аймгийн Баянчандмань суманд байгуулсан Мод үржүүлгийн хоёр газартай танилцлаа. Нэг нь сумын төвийн ойролцоо байх ба тэнд хүлэмжин дотор хайлаас, улиас, эгэл нарс зэргийн модыг үржүүлж байгаа харагдана. Цаашлан явж Баруун хажуу гэх уулын аманд байгалийн мод үржүүлгийн газарт очив. Тэнд мөн нэлээд хэдэн төрлийн модыг үрээр үржүүлж байгаа гэх. Модыг ингэж үржүүлээд, биеэ дааж ургах чадвартай болсоных нь дараа байгальд шилжүүлэн суулгах, эсвэл албан байгууллага хувь хүмүүст зарах юм гэв.

Дараагийн өдөр 9 сарын 10-нд нь Улаанбаатараас гуч гаруй километр зайтай орших Шувуун фабрикруу явж тэдний Модел фермд очив. Энэ нь ногоо тарих аж ахуй байлаа. Тэнд нийслэлийн 18, 23, 108-р сургуулийн хүүхдүүдэд ЖиЭнСи-ийн экологийн талаарх хичээл болсоны дараа оюутнууд бид дүү нартаа ЯМОХ-ны талаар болон Японд хэрхэн суралцах тухай ярьж өглөө. Эдгээр сурагч дүү нар маань бүгдээрээ япон хэл судалдаг, ирээдүйд Японд суралцах зорилготой хүүхдүүд ихэнх нь байлаа. Тэдэнд хэрхэн суралцах тухай зөвлөгөөнөөс гадна ирээдүйд ЯМОХ-ныхны халааг авч эх орноо сурталчлах, найз нөхөд, дүү нарынхаа төлөө их зүйлсийг хийх сурагчид байж магадгүй болохоор ЯМОХ-ны талаарх яриаг хийсэн юм. Тэгээд бүгдээрээ дурсгал болгон 21 ширхэг гацуур модыг суулган дурсгалын зураг татууллаа.

Ингээд гурав дахь өдөр буюу 9 сарын 11-нээс бидний Сэлэнгэ аймаг болон Тужийн нарсанд хийх аялал маань эхлэв. ЖиЭнСи нь Монголд ойн түймэрт шатаж дууссан Тужийн нарс одоогийнхоор бол бараг Тужийн хожуул болсон тэр газарт нөхөн суулгалт хийж Монгол орны ногоон бүсийг эргүүлэн авчрах талаар монголчууд биднээс илүүтэйгээр хичээж байгаа сайн дурын байгууллага. Энэ удаад бидэн дээр нэмэгдэж МУИС болон ХААИС-ын ой судлал, ойн инженерийн мэргэжлийн ангийн гурван оюутан цуг явлаа. Зорилго нь хойшид энэ мэргэжлээрээ ажиллах боловсон хүчнүүдэд ой дотор гар аргаар модыг яаж суулгаж байгаатай танилцах, туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаа явдал байлаа.

Жин үдээр замд гарсан бид наран буухын алдад зорьсон газар болох Сэлэнгэ аймгийн төвөөс холгүйхэн байх ЖиЭнСи анх мод суулгасан газарт очлоо. 2004 онд суулгасан тэдгээр модод одоо бол том нь нэг метр хүртэлх өндөртэй болтолоо ургасан байв. Ойн захад биднийг Сэлэнгэ аймгийн Ой, ангийн аж ахуйн дарга Жамсран гуай угтан авч тэдгээр суулгасан мод болон жилд яаж ургаж байгаа, тэрийг нь ЖиЭнСи-ийн хүмүүс жил бүр өсөлтийг нь хэмждэг болох тухай тайлбарлаж байлаа. Тэнд модныхоо өсөлтийг хэмжиж, бүгдээрээ дурсгалын зураг татуулаад цааш хөдлөв. Орой харуй бүрий болсон тул шууд хоноглох буудалруугаа очлоо. Дараагийн өдөр нь жинхэнэ ойн гүнд очиж мод тарьсан нэлээд тайлбайгаар явав. Тэд зөвхөн энэ хавар гэхэд нь ерэн га талбайд мод суулгажээ. Мөн ойн гүн дэх Жамсран гуайн мод үржүүлгийн газар болон Сэлэнгэ аймгийн Ойн аж ахуйнхан хорь гаруй жилийн өмнө тарьсан нарсан төгөл одоо бол сайхан ой болсныг үзсээд үнэхээр сэтгэл байвал Монголд маань ч ойг тарьж ургуулж болох юм гэдгийг мэдэрч, бахархах сэтгэл төрж байлаа.

Тэр оройдоо Дархан уул аймагт хонож, амраад маргааш нь Улаанбаатар хотод ирж Монголын Экологийн боловсролын төв, 18-р сургууль, 108-р сургууль зэрэг ЖиЭнСи-тэй хамтын ажиллагаатай газруудаар явж тэдний мод тарьж тохижуулсан талбай, цэцэрлэгийг сонирхов. Үнэхээр Монголыг гэсэн сэтгэлтэй тэдгээр хүмүүсийн сайхан сэтгэлийн дэмээр Монголд ямар их зүйл хийгдэж байгааг ойлгож байв. 9 сарын 14-ний өдөр Хөгжим бүжгийн сургууль болон өнчин хүүхдийн асрамжийн газраар орж тэнд экологийн сургалт явуулж, оройдоо хүлээн авалт хийн, бүх хамтран ажиллаж байгаа хүмүүсээ урин ажлаа дүгнэж энэ удаагийн ЯМОХ нь ЖиЭнСи-ийн Монгол дахь үйл ажиллагаатай танилцах Эко аялал маань өндөрлөлөө. Японд суралцагч Монгол Оюутны Холбоо маань ч цаашид Монголынхоо ногоон бүсэд хувь нэмэр болохоор өөрсдийн гэсэн төгөлийг байгуулах буй заа гэсэн бэлэг дэмбэрэлтэй үгээр энэхүү аялалын тухай танилцуулгаа өндөрлөе.

No comments: