Wednesday, July 09, 2008

"Бидний зорилго- Монголын ирээдүй " анхдугаар хурлын тайлан

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт оюутан залуус аа!!

Энэ оны 6-р сарын 14-ны өдөр зохион байгуулагдсан "Бидний зорилго- Монголын ирээдүй" анхдугаар хурал маань амжилттай болж өндөрлөсөн билээ.

Өмнө нь мэдээлсэнчлэн энэхүү уулзалтыг ЯМОХ болон Сасагава Найрамдлын Нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд Японы өнцөг бүрээс ирсэн нийт 22 оюутан, Японы Гадаад Хэргийн Яамны "Хятад ба Монголын Хэлтэс"(Энэ оны 7-р сарын 1-нээс)-ийн Монголыг хариуцсан ажилтан Хаяаши гуай, Хоккайдогийн Их Сургуулийн Слав Судлалын Төвийн судлаач Араи гуай, Сасагава Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Нийт 22 оюутны маань дунд Хоккайдо, Оита, Киото, Осака, Ямагүчи мужаа төлөөлж, Монголын ирээдүйн төлөө өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэхээр хүрэлцэн ирсэн оюутнууд байсан бөгөөд, эдгээр оюутнуудын замын зардлын тодорхой хувийг Сасагава Найрамдлын Нийгэмлэгээс гаргасан юм.
Энэ завшааныг ашиглаад холоос цаг заваа гарган хүрэлцэн ирсэн оюутнууддаа болон Сасагава Найрамдлын Нийгэмлэгийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Хурал маань Хаяаши гуайн хүндэтгэлийн лекц, Араи багшийн илтгэлээр эхлэн, Хитоцүбаши Их Сургуулийн магистрант Д. Батдэрэм, Токиогийн Их Сургуулийн 2-р курсийн оюутан Ц. Гэрэлт нар тус тусын илтгэлээ тавилаа. Хаяаши гуай, "Монгол болон Япон хоёр улсын цаашдын харилцаанд оюутны гүйцэтгэх үүрэг их" гэдгийг чухалчилж, Араи багш "Монголын ирээдүйн талаар ярилцахдаа дан ганц Монгол улс бус эргэн тойрны Монгол үндэстнүүдийн талаар ч бодолцох хэрэгтэй" хэмээн дурдаж байсан билээ. Хоёр оюутны маань илтгэл Японд суралцаж байгаа оюутнуудын давуу тал болон цаашдын үүрэг хариуцлагын талаар, мөн Японоос юуг сурч авбал дээр зэрэг тун сонирхолтой сэдвээр тавигдсан юм.


Илтгэлүүдийн дараагаар бүс бүсээс ирсэн оюутнууд санаа бодлоо солилцож, цаашид Монголынхоо төлөө юу хийж болох талаар, мөн Японд сурч байгаа оюутнууд юу бодож байдгийг судлах судалгааны ач холбогдлын талаар ярилцлаа. Оюутнуудын маань мэргэжил өөр өөр байсан тул маш олон өнцгөөс эргэцүүлэн харсан тун үр дүнтэй яриа өрнөсөн юм.
Ийнхүү "Бидний зорилго- Монголын ирээдүй " анхдугаар хурал маань амжилттай өндөрлөж, дараагийн хурал буюу 7-р сарын 11-нийг хүртэл судалгаагаа тус тусын хариуцсан бүсүүддээ явуулан, үр дүнгээ нэгтгэцгээх амлалт аван өндөрлөлөө. Дараагийн хурал маань 7-р сарын 12-ний өдөр 15 цагаас Сасагава Найрамдлын Нийгэмлэгийн байранд болох тул оюутан та бүхэн өргөнөөр оролцоно уу. Улсынхаа хөгжлийн талаар, өөрийн оруулах хувь нэмэрийн талаар санаа бодлоо солилцох энэхүү боломжийг бүү алдаарай!!!

No comments: