Friday, July 18, 2008

"Бидний Зорилго - Монголын Ирээдүй " Хоёрдугаар хурлын тайлан, Төсөл сонгон шалгаруулалт

Өнгөрөгч долоо хоногт "Бидний Зорилго - Монголын Ирээдүй " Хоёрдугаар хурал амжилттай болж өндөрлөлөө. Канто орчмын нийт 5 их сургуулиас 15-н оюутан оролцсон бөгөөд энэ удаад оюутнуудын дунд явуулж буй судалгааны урьдчилсан дүнгийн тайлан тавигдлаа. Тайлангийн нэгдсэн үр дүнг 9-р сард танилцуулах болно. Хоёрдугаар хурлын тайлан болон Сасагава Найрамдлын Нийгэмтэй хамтран явуулах төслийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл, дараагийн хурлын зарыг дор танилцуулъя.

1. Судалгааны талаар

Одоогийн байдлаар нийт 135 оюутан оролцсон энэхүү судалгаа нь оюутны хувийн мэдээлэл(оюутны нэгдсэн бүртгэлийг хийх зорилготой), ЯМОХ-ын үйл ажиллагааны талаарх санаа бодол, Японд суралцах болсон шалтгаан болон Япон дах амьдралын талаар, Монгол улсын хөгжлийн талаар гэсэн 4 хэсэгт хуваагдсан байгаа билээ. Энэ олон асуултанд хариулсан нийт оюутнууддаа талархсанаа илэрхийлье. Ингээд судалгаанаас гарсан зарим үр дүнг дор танилцуулъя.
(Та хэрвээ судалгаанд хамрагдаж амжаагүй бол http://s-9ybwr-54197.sgizmo.com/ руу орж хариулна уу)

1. "Японд амьдрахад хамгийн хэцүү зүйл юу вэ?" гэсэн асуултанд "Япон хэл" 20%, "Ганцаардал" 12%, "Соёлын ялгаа" 11%, "Мөнгө санхүү" 7% гэсэн хариулттай байв.
2. "Улирлын амралтаараа юу хийдэг вэ?" гэсэн асуултанд 52% нь "Монгол харина", 18% нь "Гадаадад аялана", 15% нь "Цагийн ажил хийнэ" хэмээн хариулжээ.
3. "Монголын тухай мэдээ хэр уншдаг вэ%" гэдэгт 22% нь "Долоо хоногт нэг", 17% нь "Өдөр болгон", 13% нь "Долоо хоногт гурваас дөрөв" хэмээн хариулжээ.
4. "Төгсөөд яах вэ?" хэмээх асуултанд " 27% нь "Монгол харина", 51% нь "Японд үлдэнэ" хэмээн хариулжээ.
5. "Японд суралцаж буй оюутнууд хоёр орны харилцаанд оруулах хувь нэмэр хэр вэ? " хэмээх асуултанд 42% нь "Тодорхой хэмжээнд", 22% нь "Их", 14% нь "Маш их" хэмээн хариулсан байна.
6. "Монголд хамгийн эхний шатанд шийдэх асуудал юу вэ?" хэмээх асуултанд "Байгаль орчин, эрүүл мэнд" хамгийн их саналыг авч "Нийгэм, улс төр" удаалсан байв.
7. "Япон улсын засгийн газар болон бусад байгууллагуудын дэмжээсэй гэсэн салбар юу вэ?" хэмээх асуултанд 30% нь "Боловсролын салбар" хэмээн хариулсан байлаа.
8. "Монголд ямар төсөл хэрэгжүүлмээр байна?" хэмээх асуултанд ихэнх хувь нь боловсролын салбарт төсөл, үйл ажиллагаа явуулах саналтай байлаа.

2, 3-р асуултаас харахад ихэнх оюутнууд Монголын талаар мэдээллийг байнга авч байдаг, мөн Монголтойгоо байнга холбоотой байдаг гэдэг нь харагдаж байна. 4-р асуултын хувьд хэдийгээр "Японд үлдэнэ" хэмээн хариулсан оюутан давамгайлж байгаа ч үүний 43% нь 1-3 жил, 31% нь 4-6 жил цаашид Японд амьдрана хэмээн хариулсан байна. Өөрөөр хэлбэл ихэнх оюутнууд маань тодорхой хугацааны дараа эх орондоо очиж ажиллах сонирхолтой байгаа бөгөөд 5-р асуултын хариултаас шинжихэд ихэнх нь эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн зорилготой байгаа харагдаж байна. 6 болон 7-р асуултын хувьд хэдийгээр салбар нь таарахгүй байгаа ч "Нийгэм, улс төр" ч бай "Байгаль орчин, эрүүл мэнд"-ийн салбар ч бай "Боловсрол" хэмээх салбараар дамжуулж шийдэх хэрэгтэй гэдэг нь мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл оюутан бидний боловсрол, өнөөдөр Монголд сурч байгаа оюутан сурагчдын боловсрол Монголын хөгжлийн хамгийн том түлхүүр гэсэн үг юм.

2. Төслийн талаар

Судалгааны үр дүнд "Боловсрол"-ын салбарт төсөл хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн хэдий ч одоогийн байдлаар яг ямар төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар шийдэгдээгүй байгаа юм. Иймээс оюутан та бүхэн өөрсдийн хэрэгжүүлэх сонирхолтой байгаа төсөл, санаа оноогоо бидэнтэй хуваалцана уу. Төслийн санаа(プロジェクト案)-г 7-р сарын 28-ныг дуустал хүлээж авах бөгөөд 8-р сарын 2-ны өдөр болох "Бидний Зорилго - Монголын Ирээдүй " Гуравдугаар хурлаар хэлэлцэх болно. Энэ үеэр хэлэлцсэн төслөө нэмэн боловсруулж 9-р сарын сүүлээр эцсийн байдлаар хураалгах бөгөөд, энэхүү төслийн санааг Сасагава Найрамдлын Нийгэмлэг хэлэлцэн үзэж, мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхээ шийдэх болно. Ийнхүү энэхүү шалгаруулалтыг давбал төсөл маань ирэх жилээс хэрэгжих боломжтой болно гэсэн үг.

Төсөлд дараах шаардлагууд тавигдах болно.

1. Монголын хөгжилд шууд эсвэл шууд бусаар нөлөөлөх боловсролын салбар дах төсөл байх
2. Төслийн хэрэгжилтэнд оюутан залуус оролцох
3. Сургууль байгууламж барих мэтийн хэтэрхий том төсөл биш байх
4. Аль болох Японд ирээд мэдэж авсан, Японын боловсролын салбараас санаа авсан зүйлтэй холбоотой байх
5. 7-р сарын 28-нд явуулах төсөл A4 цаасны хэмжээнд бичигдсэн байх бөгөөд төслийг санаачлагчийн овог нэр, сургууль болон мэргэжил, курс, холбоо барих утас, хаяг болон 8-р сарын гуравдугаар хуралд оролцож чадах эсэхээ тодорхой бичих

Төслийн санааг хувиараа болон багаараа гаргаж болох бөгөөд 7-р сарын 28-ны 23:59 цаг хүртэл boykanaa@gmail.com хаягаар хүлээн авах болно.
Төслийн талаар жишээ хэлэхэд: "Монгол-Англи-Япон хэлний мэргэжил тус бүрийн толь бичиг зохиох", "Монголын бага дунд сургуулиудад "Мэргэжил бүхэн сайхан" гэдэг хичээлээс гадуурх ажил тогтмол зохион байгуулах", "Монгол оюутнуудын дипломын ажлын нэгдсэн сүлжээ бий болгох" гэх мэт саналууд одоогоор гараад байгаа.

3. "Бидний Зорилго - Монголын Ирээдүй " Гуравдугаар хурал

Огноо болон цаг : 2008 оны 8-р сарын 2-ны өдөр 15 цагаас 18 цаг (14:45 гэхэд ирнэ үү. Мөн хурлын дараа жижиг хэмжээний цайллагатай)
Газар: Сасагава Найрамдлын Нийгэмлэг, хурлын танхим
東京都港区赤坂1-2-2 日本財団ビル4階
Газрын зургийг http://www.spf.org/profile/location.html -с үзнэ үү.
Хамгийн ойр буудал: ●東京メトロ・丸の内線 国会議事堂前駅 出口3下車 ●東京メトロ南北線・銀座線 溜池山王駅 出口9下車 ●東京メトロ銀座線 虎ノ門駅 出口3下車

Оролцох арга: boykanaa@gmail.com хаягаар бүртгүүлэх
Явагдах хэл: Япон хэл


Оюутнуудын шалгалт ч дуусах үе тул та бүхэн өргөнөөр оролцоорой.
Шалгалт шүүлэгт нь амжилт хүсье!!

No comments: