Friday, August 22, 2008

Экологийн боловсролын төвийн байрыг булаах нь

Ийм мэдээлэл сонинд гарсан байна. Экологийн боловсролын төв нь Японы GNC-Japan гэдэг байгууллагатай хамтран өөрийн байрныхаа гадаа нийслэлд өөр байхгүй гэж хэлж болохоор, жижигхэн цогц цэцэрлэг байгуулаад байгаа билээ. Хотын ногоон үзэмжинд их хувь нэмэр оруулж байгаа, Монголдоо ховорхонд тооцогдох судалгааны төв юм.
Энэ төв байхгүй болбол Монгол улс Шинжлэх Ухааны хувьд нэгэн шат уруудаж, оюутнууд хичээл хийх орчингүй болж, хүүхэд багачууд тоглох газар нэгээр хорогдож, хосууд болзох газар ч бас байхгүй болно гэсэн үг.
Байрнаас гадна сайхан цэцэрлэг, хүлэмж байхгүй болно гэдэг нь үнэхээр харамсалтай юм.
Мөн Япон-Монгол хоёр улсын иргэд, олон нийтийн байгууллагын хамтарсан бүтээл устана гэсэн үг. Энэ нь хоёр улсын иргэд, байгууллагын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, цаашид Японы хөрөнгө оруулалт багасах үр дагавартай болно. Ингээд эх сурвалжийн мэдээллийг хүргэе.

Улсдаа ганц байдаг эмийн ховор ургамал, модлог буттай МУИС-ийн харьяа "Байгаль эх лицей", "Экологийн боловс­рол" төвийн байрыг Нийс­лэлийн өмчийн харилцааны газар(НӨХГ) булаацалдан хэдэн жилийн нүүр үзэж бай­на.

Өнгөрсөн хавар мөн л сургуулийг лацдаж, багш, сурагчдыг багагүй санд­раас­ныг манай сонин мэдээлж байсан билээ. Харин өнгөрсөн ням гаригийн өглөө дахиад л НӨХГ-ынхан очжээ. Энэ удаа тэд хичээлийн танхимын цонх, шалыг нь эвдэж сүйт­гэсэн талаарх мэдээллийг уншигч та авсан байх. Болсон үйл явдал юунаас улбаатайг нэхэн сурвалжиллаа. Бид­нийг очиход цэцэрлэгт хү­рээ­лэн­гийн хашааны хаал­гыг гин­жээр ороож цоожилсон байв. Дотроос харуул нь гарч ирээд "Бид чинь ийм л бай­далтай байраа хамгаалж бай­на шүү дээ" гэсээр хаалгаа он­гойлгов.

Сургуулийн байрыг гадна талаас нь харахад нэг давхрын найман цонхыг ра­маар нь мулт татаж, он­гойлгожээ. Хичээлийн байр руу орж нөхцөл байдлыг ажих гэтэл хаалган дээр хэд хэдэн хүсэлт, шаардлага гэмээр бичээс наасан байв. Тэр нь "Хотын төвийн ногоон бай­гууламжийг хэвээр үл­дээе", "Хүүхдийн сурах эрхийг бүү боогдуул", "Төрийн өмчийн сургууль нийслэлийн байранд үйл ажиллагаа явуулж бо­лохгүй гэж үү", "МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн байрыг луйвардан авагчдаа бузар савраа тат" гэжээ. Ингээд дотогш орвол анги танхимыг орвонгоор нь эр­гүүлсэн байлаа. Дөрвөн ан­гийн найман цонхыг сүйтгэс­нээс гадна шалны банзыг хуулаад овойлгожээ. Халд­лага болдог өдөр харуулд гарсан С.Батчулуунтай уул­заж болсон явдлыг тод­руулсан юм.

-Хэдэн цагийн үед сур­гууль руу халдсан юм бэ. Тэд шууд дайрсан хэрэг үү?
-НӨХГ-ын Ашиглалтын захиргааны дарга Г.Баттулга, н.Алтансүх нар 17-ны буюу амралтын өдөр 08.30 цагт ирсэн юм. Нэрээ хэлээд хаал­­га тогшихоор нь он­гойл­гоогүй. Гэтэл цаанаас нь эрэгтэй, эмэгтэй нийлсэн 12 хүн шууд цонх хагалаад дайрч эхэлсэн. Би ч захир­луудыг дуудлаа. Тэд ч яа­равчлан ирцгээсэн л дээ. Захирал ямар учраас ингэж байгааг нь асуухад "Эзэн нь юм аа мэдэж байна. Засвар хийх гэж байна" гээд сүйтгээд байв. Хэсэг хугацаанд мар­галдсаны эцэст "Теле­ви­зийнхнийг дуудаж бичлэг хийлгэнэ" гэтэл зугтаад яв­чихсан.

-Засвар хийх гэж бай­гаагаа урьд нь та нарт дуулгасан уу?
-Үгүй ээ. Тэдний энэхүү үйлдэл нь манай хамгаалал­тын албаны болон хэд хэдэн эрх зөрчсөн танхай үйлдэл л дээ.

-Үймээний үеэр анги танхимаас эд хогшил ал­даг­дсан уу?
-Ханан дээр хадчихсан байсан химийн томъёотой самбарыг хулгайлаад аваад зугатаж байсныг араас нь хөөж бариад олж авсан шүү. Харин багш сурагчид хичээл эхлэхээр ирж юмаа бүртгэх байх. Тэр үед хичнээн зүйл алга болсон нь мэдэгдэх байх даа гэв. Яагаад, ямар учраас энэ байрыг Нийслэлийн өмчийн газар булаацалдаад байгааг "Байгал эх лицей" сургуулийн захирал Т.Буяндэлгэр, "Эко­логийн боловсрол" төвийн захирал М.Цогбадрах нартай уулзаж, дараах тодруулгыг бэлтгэлээ.

"Улсын сургууль бол төр­ийн өмч байдаг болохоор хэзээ ч түрээс төлж, үйл ажиллагаагаа явуулддаггүй. МУИС хичээлийнхээ дотуур байрууддаа түрээс төлдөггүй. Тэгэхээр тус сургуулийн харь­яа Монголдоо ганц байгаа "Байгаль эх лицей" мөн л түрээс төлж боловсрол олгох учиргүй. Тийм гэрээ ч байх­гүй" гэж дээрх хүмүүс тайл­барлаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр НӨХГ тус байрыг өмчирхөж, сар бүр 30 мянган төгрөгийн түрээс тө­лөхийг шаарддаг байна. Яа­гаад НӨХГ түрээсийн мөнгө нэхэж, байр булаацалдаад байна вэ? 1999 оны УИХ-ын 29 дүгээр тогтоолоор энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Нийс­лэлийн өмчид бүртгэчихсэн юм байна. Тиймээс НӨХГ байрныхаа ашиглалтыг сайж­руулж, мөнгө олох зорилгоор "Байгаль эх лицей", "Эко­логийн боловсрол" төвийг удаа дараа хөөж, түрээс нэхэх болжээ.

Нийслэлд ганцхан үлдээд байгаа тэрхүү хотын төвийн ногоон байгууламжийн түүхэн замналыг товчхон дурдъя. 1957 оноос тэнд Залуу бай­гальчдын станц үйл ажил­лагаа явуулж байв. Тухайн үед тэнд хүнсний ногоо, тө­рөл бүрийн цэцэг, суулгац тарьж, ан амьтан үржүүлдэг байлаа. 1997 онд Засгийн газраас "Бүх нийтийн эко­логийн боловсрол" хэмээх хөтөлбөрийг баталж, Залуу байгальчдын станцын үйл ажиллагааг Гэгээрлийн яамны харьяа болгожээ. Хөтөл­бөр­ийн хүрээнд дугуйлан хи­чээл­лүүлдэг байсан гэдэг. Харин 1998 онд Гэгээрлийн яам МУИС-д шилжүүлсэн байна. Ингээд МУИС хууль тогтоомжийн дагуу өөрийн харьяандаа лицейг байгуулав. Тэр үеэс экологид сонир­холтой, авьяастай хүүхдүү­дийг их сургуулийн эрдлэмтэн багш нарын нөөц болол­цоо­гоор сургаж ирсэн билээ.

Анх дөрвөн га талбайд монгол орны байгалийн сан хөмрөгийг цогцоор нь арвиж­уулж байсан цэцэрлэгт хү­рээ­лэн өнөөдөр 0.9 га хү­рэхгүй газартай болжээ. Жил бүр эрх мэдэлтнүүд хэдэн талаас нь "идсээр" байгаад иймхэн болгосон гэнэ. Тэр байтугай өнгөрсөн хавар гү­ний худгийг эвдэж, оронд нь хоёр адилхан барилга босгож байлаа. Тэрхүү сан хөмрөгт одоо 500 гаруй ургамал ур­гадгаас 270-аад нь модлог буттай. Мөн Монгол орны ой, хээр талд ургадаггүй нэн ховор ургамал ч бий. Лицей байгуулагдсанаар тэдгээр ургамалд анхааралаа нэмэг­дүүлэн төрөл, зүйлийг нь нэмэгдүүлээд зогсохгүй эр­дэмтэн, багш нарын судал­гааны ажлын гол цөм болдог байна. Гэтэл 2006 оны найм­дугаар сарын 16-ны өдөр НӨМХГ-ын дэд даргын гарын үсэгтэй бичиг сургуулийн удирдлагуудад иржээ. "НӨХГ байраа авч хөдөлмөрийн бирж байгуулах болсноо мэдэгдье. 25-ны дотор суллаж өгнө үү" гэж шаардсан байна. Хичээл­ийн шинэ жил эхэлж байсан болохоор татгалзсан хариу өгснөөр энэ асуудал хэсэг хугацаанд намжсанаа дахиад манджээ. НӨХГ-аас дөрөв таван хүн сургууль дээр ирж "Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр байрын ашиг орлогыг сайжруулах" тушаал гарсныг танилцуулсан байна. Байрны ашиглалтад хяналт тавьж, мөнгө олох зорилгоор төлөөлөгч тавих болсноо мэ­дэгджээ. Тэгэхдээ НӨХГ-ын хоёр ажилтныг сар бүр 140 мянган төгрөгөөр цалинж­уулж, ажлын байр гаргаж өгөхийг шаардсан байна. Энэ шаардлага ч тэдний хүслээр болжээ. Төлөөлөгчид ч тусгай өрөөнд сууж, байгууллагын дотоод бүхий л үйл ажил­лагаанд оролцоод эхэлсэн гэнэ. Харин сургуулийн за­хиргаа үүнийг эсэргүүцэж болиулахаар шийдэн, ашиг­гүй орон тоо байна гэдгийг нь НӨХГ-ын даргад ойлгуулсны эцэст хоёр тал зөвшилцөд хүрчээ. Хамтарч мод тарьж, экологийн боловсрол олгох болж, санамж бичигт гарын үсэг зурахаар Нийслэлийн Засаг дарга байсан Ц.Бат­баяр, МУИС-ын захирал Ц.Ган­­цог нар өдөр товлосон байна. Гэтэл энэ нь бүтээгүй аж.

Өнгөрсөн зургадугаар сарын 5-нд НӨХГ-аас хэсэг хүн ирж хичээлийн байрыг лац­даад, маргааш нь хүлээл­гэж өгөхийг тулгажээ. Тэр өдөр нь сурагчид эхнийхээ шалгалтыг өгөх байсан уч­раас "Лацдахаа боль" гэж тэднээс хүсэхэд "Эзэн нь юм аа мэдэж байна. Та нарын үйл ажиллагаа бидэнд хамаагүй" хэмээн авирлажээ. Аргаа барсан сургуулийн удир­д­лагууд лацыг мултлан сураг­чидынхаа шалгалтыг өгүүл­с­нийхээ дараа нь БСШУ-ны сайд Л.Болормаа болон С.Баяр сайд нарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Харам­салтай нь тэр бичгийнхээ хариуг одоо болтол авч чадаагүй аж. Түүнээс хойш элдэв хэл ам гаргалгүй байж байтал тийнхүү өнгөрсөн амралтын өдөр НӨХГ сур­гуулийн байрыг булаахыг оролдсон байна. Тэрхүү тан­хай балмад үйлдлийг НӨХГ тайлбарлахдаа "Өөрийн байрандаа засвар хийхээр очиход хаалгаа онгойлгож өгөхгүй байсан юм. Тэгээд цонхноос нь эхэлж засвар­лахаар болсон. "Байгаль эх лицей", "Экологийн болов­срол" төвийг 2003 оноос эх­лэн түрээсээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч шаар­д­­лагыг биелүүлээгүй. Тэд бусдын өмчинд дураараа халдаад байна. Харин тус сургууль тэр байрыг цаашид аваад явж чадвал, мөн тү­рээсээ төлчихвөл үлдэж бо­лох юм" гэлээ.

М.Мєнхцэцэг

Мэдээллийн эх сурвалж:

No comments: