Friday, January 18, 2008

Сагсны тэмцээний дүн

2007 оны 12-р сарын 23-ны ням гаригт Японд дахь Монгол Оюутны Холбооноос зохион байгуулсан "ЯМОХ-Сагсан бөмбөг"-ийн 11 дэх удаагийн шилжин явах цомын төлөөх тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэмцээн Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока 2-р дунд сургууль дээр зохиогдсон билээ. Тэмцээний бэлтгэл ажил тэмцээн болохоос сар гаруйн өмнөөс эхэлж, оролцох багуудын бүртгэлийг эхлүүлсэн билээ. Энэ удаад тэмцээн болох газрын нөхцөл байдал болон өмнөх жилүүдтэй харьцуулан, эрэгтэй арван хоёр, эмэгтэй дөрвөн багийг бүртгэж авсан. Гэвч тэмцээнд оролцох хүсэлтэйгээ илэрхийлж, зарим нэг мэдүүлгээ ирүүлсэн багуудыг тэмцээнийг зохион байгуулсан газрын нөхцөл байдлаас болж оролцуулаагүй болно. Эрэгтэй нийт хорин баг тэмцээнд оролцох санал ирүүлсний дотроос мэдүүлгээ түрүүлж ирүүлсэн арван хоёр багийг бүртгэж авсан болно. Оролцож чадаагүй үлдсэн багуудаас уучлалт хүсэж дараагийн тэмцээнд эртнээс бүртгүүлэхийг сануулья.

Энэ жилийн тэмцээн нэгэн онцлогтой байсан нь анх удаа эмэгтэй багууд оролцсон явдал байсан.

Чингээд сугалаагаар эрэгтэй багууд А, Б, В,Г дөрвөн хэсэгт, эмэгтэй багууд дөрвүүлээ нэг хэсэгт оров.

Тэмцээнд ЯМОХ-ны Тэргүүн Ж. Болдмаа мэндчилгээ дэвшүүлж, тамирчдад амжилт хүсэв. ЗБХ дүрмээ танилцуулж, Монгол улсын төрийн дуулалыг бүгдээрээ хамтдаа дуулснаар тэмцээн эхэллээ.

Эмэгтэй багууд тойргийн тоглолтоор аваргаа шалгаруулсан ба хамгийн олон хожилтой "Мэргэжилтэн" баг тэргүүн байр, хоёр дугаар байранд "ЯМОХ-1" баг шалгарч баярын бичиг, мөнгөн шагналаар тус тус шагнуулав. Тэмцээний завсарлагааны цагаар "Хос шидэлт"-ийн тэмцээн болсон бөгөөд нийт арван зургаан хос идэвхтэйгээр оролцлоо. Тэдний дотор хоёр хос нь Хикаригаока 2-р дунд сургуулийн сурагчид байлаа. Хосуудаас Мөнхбат, Мөнхдэлгэр нарын хос тэргүүн байр эзэлж баярын бичиг, мөнгөн шагналаар шагнагдав.


Хагас шигшээд хэсгээс нэгээр гарсан багууд үлдсэн ба хоорондоо оноолтоор тааран тоглов. Шигшээ тоглолтод тэргүүн байрын төлөө Азийн ИС, Мэргэжилтнүүд багууд, гуравдугаар байрын төлөө Токио ИС, Батлан Хамгаалах Үндэсний Академийн(БХҮА) баг тамирчид тус тус тоглохоор болов. Ингээд тэргүүн байр цомыг "Азийн ИС", хоёр дугаар байр "Мэргэжилтнүүд", гуравдугаар байр " БХҮА" гэсэн багууд шалгарч баярын бичиг, мөнгөн шагналын эзэд болов.


Тэмцээний үед тамирчид тоглож байгаад талбайн гаднах үзэгчидрүү налж ойчсоноос нэгийгээ бэртээсэн явдал гарсан. Дараа дахин нэгнийгээ бэртээж, гэмтээх асуудал гаргалгүйгээр болгоомжтой бие биеэ хүндэтгэж тоглохыг нийт тамирчид, оюутан залуустаа сануулах юун.