Friday, July 18, 2008

"Бидний Зорилго - Монголын Ирээдүй " Хоёрдугаар хурлын тайлан, Төсөл сонгон шалгаруулалт

Өнгөрөгч долоо хоногт "Бидний Зорилго - Монголын Ирээдүй " Хоёрдугаар хурал амжилттай болж өндөрлөлөө. Канто орчмын нийт 5 их сургуулиас 15-н оюутан оролцсон бөгөөд энэ удаад оюутнуудын дунд явуулж буй судалгааны урьдчилсан дүнгийн тайлан тавигдлаа. Тайлангийн нэгдсэн үр дүнг 9-р сард танилцуулах болно. Хоёрдугаар хурлын тайлан болон Сасагава Найрамдлын Нийгэмтэй хамтран явуулах төслийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл, дараагийн хурлын зарыг дор танилцуулъя.

1. Судалгааны талаар

Одоогийн байдлаар нийт 135 оюутан оролцсон энэхүү судалгаа нь оюутны хувийн мэдээлэл(оюутны нэгдсэн бүртгэлийг хийх зорилготой), ЯМОХ-ын үйл ажиллагааны талаарх санаа бодол, Японд суралцах болсон шалтгаан болон Япон дах амьдралын талаар, Монгол улсын хөгжлийн талаар гэсэн 4 хэсэгт хуваагдсан байгаа билээ. Энэ олон асуултанд хариулсан нийт оюутнууддаа талархсанаа илэрхийлье. Ингээд судалгаанаас гарсан зарим үр дүнг дор танилцуулъя.
(Та хэрвээ судалгаанд хамрагдаж амжаагүй бол http://s-9ybwr-54197.sgizmo.com/ руу орж хариулна уу)

1. "Японд амьдрахад хамгийн хэцүү зүйл юу вэ?" гэсэн асуултанд "Япон хэл" 20%, "Ганцаардал" 12%, "Соёлын ялгаа" 11%, "Мөнгө санхүү" 7% гэсэн хариулттай байв.
2. "Улирлын амралтаараа юу хийдэг вэ?" гэсэн асуултанд 52% нь "Монгол харина", 18% нь "Гадаадад аялана", 15% нь "Цагийн ажил хийнэ" хэмээн хариулжээ.
3. "Монголын тухай мэдээ хэр уншдаг вэ%" гэдэгт 22% нь "Долоо хоногт нэг", 17% нь "Өдөр болгон", 13% нь "Долоо хоногт гурваас дөрөв" хэмээн хариулжээ.
4. "Төгсөөд яах вэ?" хэмээх асуултанд " 27% нь "Монгол харина", 51% нь "Японд үлдэнэ" хэмээн хариулжээ.
5. "Японд суралцаж буй оюутнууд хоёр орны харилцаанд оруулах хувь нэмэр хэр вэ? " хэмээх асуултанд 42% нь "Тодорхой хэмжээнд", 22% нь "Их", 14% нь "Маш их" хэмээн хариулсан байна.
6. "Монголд хамгийн эхний шатанд шийдэх асуудал юу вэ?" хэмээх асуултанд "Байгаль орчин, эрүүл мэнд" хамгийн их саналыг авч "Нийгэм, улс төр" удаалсан байв.
7. "Япон улсын засгийн газар болон бусад байгууллагуудын дэмжээсэй гэсэн салбар юу вэ?" хэмээх асуултанд 30% нь "Боловсролын салбар" хэмээн хариулсан байлаа.
8. "Монголд ямар төсөл хэрэгжүүлмээр байна?" хэмээх асуултанд ихэнх хувь нь боловсролын салбарт төсөл, үйл ажиллагаа явуулах саналтай байлаа.

2, 3-р асуултаас харахад ихэнх оюутнууд Монголын талаар мэдээллийг байнга авч байдаг, мөн Монголтойгоо байнга холбоотой байдаг гэдэг нь харагдаж байна. 4-р асуултын хувьд хэдийгээр "Японд үлдэнэ" хэмээн хариулсан оюутан давамгайлж байгаа ч үүний 43% нь 1-3 жил, 31% нь 4-6 жил цаашид Японд амьдрана хэмээн хариулсан байна. Өөрөөр хэлбэл ихэнх оюутнууд маань тодорхой хугацааны дараа эх орондоо очиж ажиллах сонирхолтой байгаа бөгөөд 5-р асуултын хариултаас шинжихэд ихэнх нь эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн зорилготой байгаа харагдаж байна. 6 болон 7-р асуултын хувьд хэдийгээр салбар нь таарахгүй байгаа ч "Нийгэм, улс төр" ч бай "Байгаль орчин, эрүүл мэнд"-ийн салбар ч бай "Боловсрол" хэмээх салбараар дамжуулж шийдэх хэрэгтэй гэдэг нь мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл оюутан бидний боловсрол, өнөөдөр Монголд сурч байгаа оюутан сурагчдын боловсрол Монголын хөгжлийн хамгийн том түлхүүр гэсэн үг юм.

2. Төслийн талаар

Судалгааны үр дүнд "Боловсрол"-ын салбарт төсөл хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн хэдий ч одоогийн байдлаар яг ямар төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар шийдэгдээгүй байгаа юм. Иймээс оюутан та бүхэн өөрсдийн хэрэгжүүлэх сонирхолтой байгаа төсөл, санаа оноогоо бидэнтэй хуваалцана уу. Төслийн санаа(プロジェクト案)-г 7-р сарын 28-ныг дуустал хүлээж авах бөгөөд 8-р сарын 2-ны өдөр болох "Бидний Зорилго - Монголын Ирээдүй " Гуравдугаар хурлаар хэлэлцэх болно. Энэ үеэр хэлэлцсэн төслөө нэмэн боловсруулж 9-р сарын сүүлээр эцсийн байдлаар хураалгах бөгөөд, энэхүү төслийн санааг Сасагава Найрамдлын Нийгэмлэг хэлэлцэн үзэж, мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхээ шийдэх болно. Ийнхүү энэхүү шалгаруулалтыг давбал төсөл маань ирэх жилээс хэрэгжих боломжтой болно гэсэн үг.

Төсөлд дараах шаардлагууд тавигдах болно.

1. Монголын хөгжилд шууд эсвэл шууд бусаар нөлөөлөх боловсролын салбар дах төсөл байх
2. Төслийн хэрэгжилтэнд оюутан залуус оролцох
3. Сургууль байгууламж барих мэтийн хэтэрхий том төсөл биш байх
4. Аль болох Японд ирээд мэдэж авсан, Японын боловсролын салбараас санаа авсан зүйлтэй холбоотой байх
5. 7-р сарын 28-нд явуулах төсөл A4 цаасны хэмжээнд бичигдсэн байх бөгөөд төслийг санаачлагчийн овог нэр, сургууль болон мэргэжил, курс, холбоо барих утас, хаяг болон 8-р сарын гуравдугаар хуралд оролцож чадах эсэхээ тодорхой бичих

Төслийн санааг хувиараа болон багаараа гаргаж болох бөгөөд 7-р сарын 28-ны 23:59 цаг хүртэл boykanaa@gmail.com хаягаар хүлээн авах болно.
Төслийн талаар жишээ хэлэхэд: "Монгол-Англи-Япон хэлний мэргэжил тус бүрийн толь бичиг зохиох", "Монголын бага дунд сургуулиудад "Мэргэжил бүхэн сайхан" гэдэг хичээлээс гадуурх ажил тогтмол зохион байгуулах", "Монгол оюутнуудын дипломын ажлын нэгдсэн сүлжээ бий болгох" гэх мэт саналууд одоогоор гараад байгаа.

3. "Бидний Зорилго - Монголын Ирээдүй " Гуравдугаар хурал

Огноо болон цаг : 2008 оны 8-р сарын 2-ны өдөр 15 цагаас 18 цаг (14:45 гэхэд ирнэ үү. Мөн хурлын дараа жижиг хэмжээний цайллагатай)
Газар: Сасагава Найрамдлын Нийгэмлэг, хурлын танхим
東京都港区赤坂1-2-2 日本財団ビル4階
Газрын зургийг http://www.spf.org/profile/location.html -с үзнэ үү.
Хамгийн ойр буудал: ●東京メトロ・丸の内線 国会議事堂前駅 出口3下車 ●東京メトロ南北線・銀座線 溜池山王駅 出口9下車 ●東京メトロ銀座線 虎ノ門駅 出口3下車

Оролцох арга: boykanaa@gmail.com хаягаар бүртгүүлэх
Явагдах хэл: Япон хэл


Оюутнуудын шалгалт ч дуусах үе тул та бүхэн өргөнөөр оролцоорой.
Шалгалт шүүлэгт нь амжилт хүсье!!

Thursday, July 17, 2008

ЯМОХ-ын ээлжит "Зуны WORKSHOP 2008"

Эрхэм хүндэт оюутан залуустаа энэ өдрийн мэндийг хүргэе.

Та бүхний шалгалт шүүлэг эхлээд зав цаг муутай байгаа биз дээ.
Шалгалтаа дуусаад юу хийх гэж байна? Монгол харих уу?
Хэрэв Монгол харих бол жил бүр ЯМОХ-оос зохион байгуулдаг "Зуны WORKSHOP"ыг хамтдаа зохион байгуулахгүй биз? WORKSHOP-ын зорилго юу вэ гэвэл, оюутан залуус Монголд амрах хугацаагаа ашиглан хамтран үйл ажиллагаа зохион байгуулах, улс орныхоо бодит байдалтай танилцах, өөрсдийн сурсан мэдсэнийг үе тэнгийнхэн болон хүүхэд багачуудад танилцуулах болно.

Энэ жилийн WORKSHOP-ын зохион байгуулагдах хугацааны хувьд 8-р сарын сүүлээс 9-р сарын эхний хоорондох хугацааг төлөвлөж байгаа бөгөөд агуулгын хувьд хараахан шийдэгдээгүй байна. Бидний явуулж буй "Оюутнуудын дундах судалгаа"-наас дүн шинжилгээ хийхэд, ихэнх оюутнууд боловсролын тал дээр ямар нэгэн төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой нь мэдэгдсэн тул "Зуны WORKSHOP 2008"-оо ч гэсэн үүнтэй холбох төлөвлөгөөтэй байна. Тиймээс оюутан та бүхэн энэхүү салбарт юу хиймээр байгаагаа, ямар үйл ажиллагаанд оролцмоор байгаагаа te.utopia@gmail.com хаягаар явуулна уу.

"Зуны WORKSHOP 2008"-д оролцох хүсэлтэй оюутнууд өөрийн овог нэр, сургууль болон мэргэжил, Монгол явах өдөр болон байх хугацаа, Японд болон Монголд холбоо барих утасны дугаар болон и-мэйл хаягаа дээрх хаягаар явуулж бүртгүүлнэ үү. Мөн Монгол явахаас өмнө Японд урьдчилсан уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр зохион байгуулах хугацаа, нарийн агуулгын талаар хамтдаа ярилцацгаах болно. Зохион байгуулагдах өдөр болон газрын ойрын хугацаанд веб хуудас, мэйлинг листээрээ дамжуулан мэдээлэх бөгөөд "Зуны WORKSHOP 2008"-д оролцох хүсэлтэй оюутнууд энэхүү уулзалтанд ч гэсэн оролцоно уу.

Монголд өнгөрөөх зуны амралтаа хамт олонтойгоо дурсамжтай, үр дүнтэй өнгөрөөцгөөе!!

Та бүхний шалгалтанд амжилт хүсье.

Thursday, July 10, 2008

"Бидний Зорилго - Монголын Ирээдүй " Хоёрдугаар хурал

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт оюутан залуус аа.

Удахгүй шалгалт шүүлэг эхлэх гээд хэн хүнгүй цаг зав муутай байгаа байх.
Гэвч, эх орныхоо хөгжлийн талаар, эх орондоо юу хийж болох талаар ердөө 3-хан цаг хамтдаа ярилцахгүй биз?

6-р сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан "Бидний Зорилго - Монголын Ирээдүй " анхдугаар хурал маань амжилттай болж өнгөрсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Судалгааны ажил маань амжилттай явагдаж байгаа бөгөөд, эхний шатанд авсан судалгааныхаа тайлан болон, дүн шинжилгээний талаар хоёр дах хурлаа 7-р сарын 12-ны өдрийн 15 цагаас зохион байгуулах гэж байна.
Анхдугаар хуралд орж чадаагүй, судалгааны ажилд оролцоогүй байсан ч та хүрээд л ир. Японд суралцаж байгаа оюутан залуус юу бодож явдгийг, цаашид бид юу хийх ёстойг энд ярилцацгаая. Хурлын талаар доор дэлгэрэнгүй сийрүүлье. Та оролцохыг хүсвэл boykanaa@gmail.com хаягаар өөрийн овог нэр, сургууль болон курс, мэргэжлээ утасны дугаарын хамт илгээнэ үү. Заалны багтаамж бага тул нийтдээ 20 оюутан оролцохоор төлөвлөж байна. Та бүхэн яараарай!!

Огноо: 2008 оны 7-р сарын 12-ны Бямба гараг
Хугацаа: 15:00 - 18:00 (15 минутын завсарлагаатай)
Болох газар: Сасагава Найрамдлын Нийгэмлэг, хурлын танхим
東京都港区赤坂1-2-2 日本財団ビル4
Газрын зургийг http://www.spf.org/profile/location.html -с үзнэ үү.
Хамгийн ойр буудал:
●東京メトロ・丸の内線 国会議事堂前駅 出口3下車
●東京メトロ南北線・銀座線 溜池山王駅 出口9下車
●東京メトロ銀座線 虎ノ門駅 出口3下車
Оролцох арга: boykanaa@gmail.com хаягаар бүртгүүлэх
Явагдах хэл: Япон хэл

Жич: Хуралд ирэхдээ "Монголд одоо ямар асуудал байна, түүнийг шийдэхийн тулд оюутан бид юу хийж болох вэ? " гэсэн сэдвийн дор тодорхой хэмжээнд бодож ирэхийг хүсье.

Хэдийгээр Улсын Их Баяр Наадмын өдөр тохиож байгаа ч улс эх орныхоо талаар ярилцах сайхан боломж тул та бүхэн өргөнөөр оролцоорой.

Wednesday, July 09, 2008

"Бидний зорилго- Монголын ирээдүй " анхдугаар хурлын тайлан

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт оюутан залуус аа!!

Энэ оны 6-р сарын 14-ны өдөр зохион байгуулагдсан "Бидний зорилго- Монголын ирээдүй" анхдугаар хурал маань амжилттай болж өндөрлөсөн билээ.

Өмнө нь мэдээлсэнчлэн энэхүү уулзалтыг ЯМОХ болон Сасагава Найрамдлын Нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд Японы өнцөг бүрээс ирсэн нийт 22 оюутан, Японы Гадаад Хэргийн Яамны "Хятад ба Монголын Хэлтэс"(Энэ оны 7-р сарын 1-нээс)-ийн Монголыг хариуцсан ажилтан Хаяаши гуай, Хоккайдогийн Их Сургуулийн Слав Судлалын Төвийн судлаач Араи гуай, Сасагава Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Нийт 22 оюутны маань дунд Хоккайдо, Оита, Киото, Осака, Ямагүчи мужаа төлөөлж, Монголын ирээдүйн төлөө өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэхээр хүрэлцэн ирсэн оюутнууд байсан бөгөөд, эдгээр оюутнуудын замын зардлын тодорхой хувийг Сасагава Найрамдлын Нийгэмлэгээс гаргасан юм.
Энэ завшааныг ашиглаад холоос цаг заваа гарган хүрэлцэн ирсэн оюутнууддаа болон Сасагава Найрамдлын Нийгэмлэгийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Хурал маань Хаяаши гуайн хүндэтгэлийн лекц, Араи багшийн илтгэлээр эхлэн, Хитоцүбаши Их Сургуулийн магистрант Д. Батдэрэм, Токиогийн Их Сургуулийн 2-р курсийн оюутан Ц. Гэрэлт нар тус тусын илтгэлээ тавилаа. Хаяаши гуай, "Монгол болон Япон хоёр улсын цаашдын харилцаанд оюутны гүйцэтгэх үүрэг их" гэдгийг чухалчилж, Араи багш "Монголын ирээдүйн талаар ярилцахдаа дан ганц Монгол улс бус эргэн тойрны Монгол үндэстнүүдийн талаар ч бодолцох хэрэгтэй" хэмээн дурдаж байсан билээ. Хоёр оюутны маань илтгэл Японд суралцаж байгаа оюутнуудын давуу тал болон цаашдын үүрэг хариуцлагын талаар, мөн Японоос юуг сурч авбал дээр зэрэг тун сонирхолтой сэдвээр тавигдсан юм.


Илтгэлүүдийн дараагаар бүс бүсээс ирсэн оюутнууд санаа бодлоо солилцож, цаашид Монголынхоо төлөө юу хийж болох талаар, мөн Японд сурч байгаа оюутнууд юу бодож байдгийг судлах судалгааны ач холбогдлын талаар ярилцлаа. Оюутнуудын маань мэргэжил өөр өөр байсан тул маш олон өнцгөөс эргэцүүлэн харсан тун үр дүнтэй яриа өрнөсөн юм.
Ийнхүү "Бидний зорилго- Монголын ирээдүй " анхдугаар хурал маань амжилттай өндөрлөж, дараагийн хурал буюу 7-р сарын 11-нийг хүртэл судалгаагаа тус тусын хариуцсан бүсүүддээ явуулан, үр дүнгээ нэгтгэцгээх амлалт аван өндөрлөлөө. Дараагийн хурал маань 7-р сарын 12-ний өдөр 15 цагаас Сасагава Найрамдлын Нийгэмлэгийн байранд болох тул оюутан та бүхэн өргөнөөр оролцоно уу. Улсынхаа хөгжлийн талаар, өөрийн оруулах хувь нэмэрийн талаар санаа бодлоо солилцох энэхүү боломжийг бүү алдаарай!!!