Monday, February 20, 2006

2/18 "Урам" уулзалт болон бусад мэдээ

Хагас сайнд эхлээд 11-ээс Хаврын баярыг зохиоход голлон оролцож байгаа Дэрмээ, Бамбууш, Зоригт болон Абэ, Үчида, Марүока, Сатоо нарын хүмүүс уулзаж ярилцаад, 1 цагаас Хаврын баярыг зохион байгуулах хорооны 2 дахь хурал болов. Оюутнуудын шалгалт шүүлэг гээд үйл ажиллагаагаа сар гаруй бараг явуулаагүй болохоор өмнөх хурлаас хойш ахисан ажил бараг байхгүй байлаа. Үлдэж буй 2 сар гаруйн хугацаанд баярын төсвөө бүрдүүлэхээс эхлээд л олон ажлыг эрчимтэйгээр хийхгүй бол болохгүй болжээ.

Дараа нь 3 хагасаас энэ оны анхны "Урам" уулзалт болов. Хитоцүбаши Их Сургуульд энэ хавар магистраа хамгаалж байгаа, манай ЯМОХ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан Г.Золжаргал сэнпай маань "Валютын хямрал"-ын талаар илтгэл тавьсан нь маш сонирхолтой байж, олон ч асуулт гарч байлаа. "Урам" уулзалтаас хийсэн, илтгэлийн агуулга бүхий тэмдэглэлийг удахгүй та бүхэнд хүргэх болно.
Японд 87-97 онд амьдарч, сурч байсан, "Таван Богд" компанийн захирал Баатарсайхан ах уулзалтын дундуур орж ирэн бидэнтэй халуун дотно яриа өрнүүлсэн нь азтай хэрэг боллоо. ЖУГАМО (Японд төгсөгч Монголчуудын Холбоо), Монголд бизнес эрхлэх, Японы бизнес ертөнцийн тухай, өөрийн туршлага гээд л олон сэдвээр ярилцав.

Уулзалт дуусгаад "уламжлал ёсоор" Шибүягийн BLDY-д оройн хоол идээд тарцгаав. Зураг дээр уулзалтанд ирсэн хүмүүс байна.

24-нд парламентын ордонд Япон дахь Монголын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулах үйл ажиллагаа, хүлээн авалт болно. Бидний зохиох Хаврын баяр маань энэ жилийн гол үйл явдлуудын нэгэнд орж байгаагийн хувьд Дэрмээ, Зоригт, Үчида, Абэ нар Хаврын баярыг зохиодог хүмүүсийг төлөөлж очихоор боллоо. Мөн Хаврын баярыг зохион байгуулах хорооны дараагийн хурал 3-р сарын 4-нд болох юм.

No comments: