Friday, February 24, 2006

Япон дахь "Монголын жил"

Өнөөдөр Японы Парламентын Зөвлөхүүдийн Танхимын байранд Япон дахь "Монголын жил", Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, улмаар ирэх жил тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол дахь "Японы жил"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг зохион байгуулах хуралд Дэрмээ бид хоёр оролцох завшаан тохиолдов. Яагаад гэвэл бидний зохион байгуулдаг "Хаврын баяр" маань жилийн хөтөлбөрт нь орох юм байна л даа. Тэгэхээр ийм том ойн арга хэмжээний нэг хэсэг болж байгаагийн хувьд бид Хаврын баяртаа идэвхтэйгээр оролцож, амжилттай зохион байгуулах шаардлага тулгарч байна. Нэг бодлын энэ том ойгоор далимдуулж баяраа сурталчлах сайхан боломж гарч байгааг алдчихгүй юмсан.

Оюутны холбоо маань ойн арга хэмжээний хүрээнд Хаврын баяраа оруулах хэдий ч ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисст оролцох боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Учир нь ЯМОХ маань улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн бодлого барьдаг бол энэ комисст Японы улс төрчид олноор орж байгаа юм байна.

Хурлын үеэр Монголд элчин сайд байсан Ханада сан болон Эко-Монгол форумын ажилтан, мөн Никкэй Шимбүнд Чингисийн тухай өгүүлэл цувралаар нийтлүүлж буй зохиолч Сакайя, Чингисийн тухай "Хөх чоно (蒼き狼)" хэмээх киног хийх гэж буй Кадокава Продакшны төлөөлөгч, Монголтой холбоотой ажилладаг Итабаши дүүргийн төлөөлөгч гээд олон хүмүүстэй нэрийн хуудас солилцов.

Никкэй Шимбүнийг 後援 (дэмжигч) гэсэн байдлаар Хаврын баярыг зохион байгуулахад оролцож, баярыг сурталчлуулах талаар ярьж өгнө үү гэж зохиолч Сакайя-гаас гуйв.

Тэгээд хурлын дараа Казама Кэн (風間健) гэдэг нэрээр кикбоксын дэлхийн аварга болж явсан, каратэч, цагтаа Брюс Ли-тэй хамт кинонд тоглож байсан алдартай хүн бид 2-ыг үдийн хоолонд урьж, сургааль сонсгов. хэхэ. Ер нь өөрийгөө мундаг хүн гэж хэлдэг, тэгээд би ийм мундаг болохоороо залуучуудад туслах ёстой гэсэн философиор амьдардаг хүн юм байна. Ухаантай хүмүүсийн яриаг сонсоод урам орох шиг болдог шүү. Өнгөрсөн шөнө Торино-2006-гийн уран гулгалтын тэмцээнийг үзээд цурам ч хийгээгүй миний нойр огт хүрсэнгүй. хэхэ. Ярьж чаддаг, ярьснаа хийдэг, шинэ санаа гаргадаг хүн юм аа гэсэн бодол төрөв. Өөрийнх нь хэлснээр бол К-1-ийг үүсгэсэн юм байна. Тэгээд Масато, Ямамото "Кид"-ийн тоглолтын продюсерээр ажиллаж байсан, энэ жил "Кид"-ийг Монголд аваачих гэж байгаа гэх мэтчилэн яриа өрнүүлэв. Отгонтэнгэр Их Сургууль энэ хүнийг зочин багшаар урьж ажиллуулснаар Монголтой холбогдсон юм байна. Тэгээд "залуу хүмүүсийг дэмжих дуртай болохоор та нарыг ч гэсэн дэмжинэ ээ, 遊びに来て下さい, та нар залуу хүмүүс, ирээдүйд Монгол Японы холбогч гүүр болох хүмүүс тул алдаа гаргахаас айж болохгүй, алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй, алдаа гэдэг зүйл байгаа болохоор л амжилт гэдэг зүйл байдаг юм" гэхчлэн баахан "философи"-дов.

Энд тэндээс хүмүүс дэмжинэ гээд байхад бид ингээд бараг л зүгээр шахуу байгаадаа дүгнэлт хийж, дараа долоо хоногоос хандив цуглуулах, цахим хуудсаа хийх гээд ажлаа эрчимтэй хийх хэрэгтэй юм байна гэж бодлоо.

Нэг өдөр "дур"-наасаа болж нойргүй хоночоод одоо "гандан буурахгүй" Нагано руу цанаар гулгахаар явах гэж байгаа Зоригт байлаа. Сэтгэл хөдлөөд баахан урт бичлэг үйлдчихлээ. Уучлаарай. Өнөөдрөөс буцаад хүйтэрчихлээ, хүмүүс ханиад томуунаас сэргийлээрэй.では、行って来ます。

PS: Урам-ын тэмдэглэлийг энэ долоо хоногт бичиж амжсангүй, тэсэн ядан хүлээж байгаа хүмүүсийг дараагийн долоо хоног хүртэл хүлээлгэх болж байгаадаа хүлцэл өчье.

No comments: